2021.03.26

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Дарханы замын бүтээн байгуулалт, санхүүжилтийн талаар салбарын сайдад анхаарч ажиллах чиглэл өглөө

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2021.03.25/ Зам, тээврийн хөгжлийн яаманд ажиллаж, уг салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалттай холбоотой санал солилцлоо.

Тэрээр Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах улсын хэмжээнд чухал ач холбогдолтой автозамын томоохон бүтээн байгуулалт болох Улаанбаатар хотыг Дархан-Уул аймагтай холбох автозамын бүтээн байгуулалтын талаар санал хэллээ. 

"Дарханы зам гэж яригддаг энэ зам бол манай улсын гол магистрал зам төдийгүй ОХУ-аас импортын багагүй хэмжээний бараа бүтээгдэхүүний эргэлт хийх, өдөрт 5000-6000 мянган машин өнгөрч байдаг юм. 

Энэ замын бүтээн байгуулалтын хөрөнгө буцалтгүй тусламж бус зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм. Тиймээс 2019 оны 6 сараас хойш зээлийнх нь хүүг бид өдөр бүр төлөөд явдаг. Гэтэл ажлын гүйцэтгэлтэй танилцахаар 2, 4 дүгээр багцад орж ажиллаж байгаа компани нь нэг ч км зам тавьж байсан туршлагагүй, тоног төхөөрөмжгүй компанийг шалгаруулсан байгаа юм. Энэ компаниудын гэрээг хэдий цуцалсан гэж сайд хэлж байгаа ч шүүхийн асуудал үүсэх эсэх нөхцөл бий болно. Үүнийг шийдэхгүйгээр дараагийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах боломжгүй болно. 

Цаг алдах тусам манай улсад хохиролтой болж байдаг. Бусад хэсгийн замыг ашиглалтад өгсөн. Дээрх 2 хэсгийн зам тавигдахгүй бол ажил 100 хувь дууссан гэж зээл олгогч тал үзэхгүй тул бидний төлж байгаа зээлийн хүү үргэлжилсээр л байх болно." гэдгийг тэрээр онцлон хэллээ. 

Цаашид салбарын яам, хариуцсан сайд уг төслийн санхүүжүүлэгч байгууллагатай хийсэн гэрээ хэлцлээ эргэн харж, өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Ингэхгүй бол өдөр тутам бидний халааснаас мөнгө гарсаар байна. Монгол Улс, иргэд хохирсоор байж болохгүй гэдгийг анхаарууллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn