2021.04.08
УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан талархлын захидалд хариу захидал илгээлээ
ОХУ-ын холбооны зөвлөлийн холбооны байгуулалт, бүс нутгийн бодлого, орон нутгийн удирдлага, хойд нутгийн хэргийн хорооны орлогч дарга ноён А.К.Акимов, ОХУ-ын холбооны зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны орлогч дарга ноён А.Г.Варфоломеев, ОХУ-ын холбооны зөвлөлийн олон улсын хорооны орлогч дарга ноён Б.Б.Жамсуев нар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд талархлын захидал ирүүлсэн бөгөөд тэрээр хариу захидал илгээлээ.
Тэрээр захидалдаа хоёр орны зуун жилийн түүхэн найрамдалт харилцаа, хоёр талын хамтдаа зохион байгуулж ирсэн арга хэмжээ зэргийг дурьдаад дэлхий нийтээр тархсан халдварт Ковид 19 цар тахлын аюулаас ард иргэдээ хамгаалан дархлаажуулалтад хамруулахад ОХУ-аас авахаар Монгол Улсын Засгийн газраас хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг түргэтгэх, нэмэлт вакцин авах талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Түүний хариу захидлыг бүрэн эхийг хүргэе.
Эрхэм хүндэт ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүн А.К.Акимов, А.Г.Варфоломеев, Б.Б.Жамсуев нараа, эрхэм нөхдөө захидал илгээсэнд гүн талархал илэрхийлье. Монгол-Оросын найрамдалт уламжлалт найрсаг харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж, соёл урлаг, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд Та бидний хичээл зүтгэл, хамтын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэе.
Энэ жил манай хоёр орны хувьд олон тэмдэглэлт үйл явдлууд болж байгаа бөгөөд үүний дотор Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, ЗХУ БНМАУ-ын сансрын хамтарсан нислэг, Монгол хүн анх сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байна.
Таны цохон тэмдэглэсэн бүс нутгийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг 2015 оноос хойш хоёр талын хамтдаа зохион байгуулж ирсэн цуврал арга хэмжээ нотолж байна.
• 2014 онд ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Улаан-Үүд хотод болсон “Монголын өдрүүд-2015” арга хэмжээ,
• 2015 онд ОХУ-ын Новосибирск хотноо “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”,
• 2016 онд Новосибирск хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа” чуулга уулзалт,
• 2017 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Монгол-Оросын хамтын ажиллагаа 2017” цуврал арга хэмжээ,
• 2018 онд “Монгол-Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээ зэрэг хөрөнгө оруулалт, эдийн засаг, шинжлэх ухаан, ХАА, соёл урлаг, боловсролын салбарт бүх талаар хамтран ажиллах эдгээр цуврал чуулга уулзалтуудыг амжилттай зохион байгуулсны үр дүн бодитоор гарч байна.
Парламент хоорондын хамтын ажиллагаа ч өргөжин хөгжиж Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн хооронд анх удаа 2016 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хууль тогтоох байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд нэгэн шинэ хуудас болсон юм. Эдгээр ажилд миний бие Монголын талын ажлын хэсгийг ахлан оролцож байсандаа баяртай байна.
Түүх сөхвөл Аугаа эх орны дайны эхний өдрөөс дайны төгсгөлийн өдөр хүртэл БНМАУ ЗХУ-ын найдвартай ар тал, хугаршгүй дайчин нөхөр, үнэнч холбоотон байсаар ирсэн билээ. Монголын ард түмэн хүнд хэцүү цаг үед “Бүхнийг фронтод бүхнийг ялалтын төлөө” гэсэн уриа дор эмэгтэйчүүд нь ээмэг бөгжөө тайлж өгч, эрчүүд нь унаж явсан агт морио харамгүй зориулж "Хувьсгалт Монгол" танкны цуваа, "Монгол эскадриль” онгоцны нэгтгэл, агт морьд, дулаан хувцас, хоол хүнс гээд байгаа бүхнээрээ тусламж үзүүлж мөр зэрэгцэн тулалдаж ирснийг Оросын ард түмэн мартдаггүй шиг Халх гол, Хамар даваанд халуун амь, бүлээн цусаа зориулсан эгэл жирийн орос цэргийг, БНМАУ-ын бүтээн байгуулалтад оролцож энхийн хөдөлмөрт зүтгэж ирсэн эмч, сувилагч, инженер техникчид, багш сургагч, эгэл жирийн барилгачдыг Монголын ард түмэн бахархан дурсаж байдаг билээ.
Бидний зуун жилийн түүхийн алтан хуудас цаашид улам тод томруунаар бичигдэнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны ард түмэн хүнд хэцүү цаг үед сайн дураараа, чин сэтгэлээсээ бие биедээ харамгүй тусалж ирснийг түүх гэрчилнэ.
Улс орон бүр цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдалд байгаа бөгөөд дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахал Монгол орныг ч тойрсонгүй өвчлөгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан өмнө нь манай Засгийн газраас хүргүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх асуудлыг түргэтгэх, нэмэлт вакцин авах талаар дэмжлэг үзүүлэхийг эрхэм хүндэт Та бүхнээс хүсье.
Цар тахал арилж, цаг тогтуун болоход нүүр тулан баяртай уулзахын ерөөл талбия.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn