Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элчийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцсан юм.
Тодруулбал, 2018 онд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 671 өрхийн 3047 хүн ам, 72 аж ахуйн нэгж, байгууллагыг хангадаг хүйтэн усны 469 метр урт шугам сүлжээний зэвийг азотын хий ашиглан арилгах туршилтыг амжилттай туршсан байна. Туршилтын үр дүнд шугам угаахаас өмнө усан дахь төмрийн агууламж 0.027 мг/л байсан нь 0.015 мг/л болж, өнгө булингарын агууламж багасаж, айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгджээ.
Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын “Сеннипан” ХХК 2020 оны нэгдүгээр сард Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд орон сууцны байруудын дундах халуун, хүйтэн усны инженерийн шугам сүлжээний зэв хагийг арилгахад хамтарч ажиллах юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.