2021.04.27

Б.Баярсайхан: Монгол хүүхдийг өрсөлдөх чадвартай, сайн бие бялдартай, эрүүл чийрэг хүн болгоход анхаарч ажиллах шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.04.27/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын мэдээлэл сонслоо.

Мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

"Монгол Улсын Засгийн газар ирэх 30 жилийн алсын харааг тодорхойлохдоо Монгол хүний хөгжлийн бодлого боловсруулах зорилт тавьсан. Үүнд биеийн тамир, спортоор хүүхдүүдийг хүмүүжүүлэх нь маш чухал. Шаравжамц дарга ч энэ асуудлыг хамгийн сайн ойлгодог хүн. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсрол, спортын яам Зан чанарын хөтөлбөртэй болно гэж зорилт туссан. Улсын хэмжээнд ЕБ-ын бүх сургуульд Биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, Дуу хөгжмийн хичээлийн хөгжмийн зэмсэгээр бүрэн хангах зорилт тавьсан. Үүнд Биеийн тамир, спортын улсын хороо заавал анхаарал тавьж ажиллах ёстой.

Өнгөрсөн жил хөтөлбөрөө баталсан. Гэтэл орон нутгийн сургуулиудад бидний үед ч байдаг байсан модон морь, матрас ч байхгүй гэсэн асуудал ярьдаг. Дээр нь хүүхдийн бие бялдар, насны онцлогт тохирсон тоног төхөөрөмж худалдан авах тал дээр ямар ч мэдээлэл байдаггүй учраас 10 настай хүүхдэд хэдэн кг жинтэй бөмбөг өгөх ёстой вэ гэх мэт стандартууд байдаггүй. Тиймээс Биеийн тамир, спортын улсын хорооноос хүүхдийг багаас нь өрсөлдөх чадвартай, сайн бие бялдартай, эрүүл чийрэг хүн болгоход анхаарч ирэх жилүүдэд худалдан авалтад тавигдах шаардлага дээр анхаарч ажиллаарай. Энэ талаар хорооны даргад ямар мэдээлэл байна вэ?

Хүүхдийг сайн зан чанартай хүн болгоход биеийн тамир спорт ямар нөлөө үзүүлэх вэ? Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт танай хорооноос оролцож байна уу?"

Түүний асуултанд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хариуллаа.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn