НДШ-ийн нэмэгдлийг цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардав
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2021.4.28/ нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар:
-Хөл хорионы үед иргэд хөдөлмөрчдийн ихэнх нь ажилгүй, орлогогүй гэртээ байгаа. Гэтэл бага хэмжээгээр авч байгаа цалингаас нь 2021 нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг нь хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэр нь дэндүү хүнд байна. Аливаа асуудлыг хамтын гэрээ хэлэлцээрээр шийдэхийг хүсч байна. Хоёрдугаар сарын 25-нд гурван талт хороо хуралдаж НДШ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн байна. Ажлын хэсэг шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа. Үйлдвэрчний эвлэлд эрх ашгаа хамгаалуулахаар нэгдсэн 450 гаруй мянган гишүүд цахимаар тэмцсээр байгаа. Цар тахлын энэ хүнд үед Засгийн газар НДШ-ийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Энэ талаар Ерөнхий сайдад өнөөдөр мэдэгдэл хүргүүллээ.