Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барив
Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга Засгийн газраас санаачлан боловсруулсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль 2002 онд батлагдсанаар хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг ашиглах, хангагч, хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бүрдсэн байна. Энэ хуульд 2005 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч өнгөрсөн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт гарсан тул уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай болсныг сайд онцлов.
Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, Засаг даргын бүрэн эрхийг тусгаагүйгээс хуулийг хэрэгжүүлэх явцад ихээхэн хүндрэл учирдаг байна. Тухайлахад сүүлийн үед ундны усны эх үссвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, төвлөрсөн системд холболгүйгээр өөрийн эх үүсвэрийг шинээр бий болгож ус хангамжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авалгүй үйлчилгээ эрхлэх зэрэг зөрчил газар авахад хүрчээ. Түүнчлэн хуулийн зарим нэр томъёог бусад хуультай уялдуулж оновчтой болгох, энэ чиглэлийн үйлчилгээний үнэ тарифийг зах зээлийн харилцаанд нийцүүлж тогтоох оновчтой механизм бүрдүүлэх шаардлагатай болсон байна.
Олон улсын туршлагаас үзэхэд хүн амыг ундны усаар хангах асуудлыг зохицуулах чиг үүрэгтэй хуулийн этгээдийг тусгайлан байгуулдаг аж. Иймээс Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийг шинээр байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн энэ салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламж, шугам сүлжээг өмчлөх эрхтэй холбогдсон харилцааг зохицуулах, ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд газар олгох, зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барих, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчих явдлыг таслан зогсоох асуудлыг зохицуулсны зэрэгцээ хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг нарийвчлан зааж өгсөн байна.