Нэг хүнд оногдох дээд сургуулийн тоогоор дэлхийд тэргүүлж байна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо намрын чуулганаар юу хийснээ өчигдөр хэвлэлийнхэнд тайлагналаа.
Иргэдийн цалин, тэтгэвэр, мөнгөн халамж, үйлчилгээний талаар тус байнгын хороогоор хэлэлцдэг. Өнгөрсөн онд ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр ахмад дайчдад сар бүр олгодог 50 мянган төгрөг 200 мянга болж өссөн юм. Манай улсад Халх голын, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон нийт 1816 ахмад байдаг аж. Тэдний олонхын эрүүл мэнд муудаж, асрамжид байдаг тул төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзжээ. Ахмад дайчдын мөнгийг энэ сараас эхлэн олгож эхэлжээ.
Тус байнгын хорооныхоны анхаарлыг татаж байгаа нэгэн асуудал бол монголын дээд боловсролын чанаргүйн асуудал ажээ. Өнөөдөр манайд Улсын болон хувийн хэвшлийн 162 их, дээд сургуульд нийт 150.3 мянган оюутан суралцдаг, сургуулиудын 47 нь улсынх, 109 нь хувийнх, зургаа нь гадаадын хөрөнгө оруулалттай тухай мэдээлэл НББСШУБХ-д иржээ. Энэ үзүүлэлтээс харах юм бол монгол улс нэг хүнд ноогдох их, дээд сургуулийн тоогоороо дэлхийд нэгдүгээрт орхуйц байгаа аж.
Дээд боловсролын салбарын өрсөлдөх чанарыг сайжруулж сургалтын стандартад шалгалт хийх саналыг байнгын хорооны гишүүд холбогдох яаманд тавиад байгаа юм байна.
Мөн их дээд сургуульд нийт суралцагчдын ердөө 8.6 хувь нь техник, технологийн мэргэжлээр суралцдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ тоог ахиулахад төрөөс нэгдсэн бодлого явуулах шаардлагатай. Өнгөрсөн чуулганаар Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн боловч хойшлуулсан. Хэрэв уг хуулийг баталбал Засгийн газарт нэг агентлаг нэмж байгуулах шаардлагатай хэмээн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцлов.