Ө.Энхтүвшин: Гүнзгий мэдлэг гэхээсээ илүү зөв хүн болгоход анхаарах ёстой
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин
2008.10.08

Ө.Энхтүвшин: Гүнзгий мэдлэг гэхээсээ илүү зөв хүн болгоход анхаарах ёстой

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин “Өнөөдөр” сонины редакцад зочиллоо. Сургуулийн засвар, сурах бичиг, их дээд сургуулийн сургалтын төлбөр зэрэг энэ намрын халуун сэдэв болсон олон асуултад тэрбээр хариулав.

-Сурах бичигтэй холбоотой асуудал нэлээд шуугиан дэгдээлээ. Одоо хүртэл хүүхдүүдийн гар дээр шинэ сурах бичиг нь очоогүй байгаагийн шалтгаан юу юм бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-11 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэнээр 70-аад сурах бичгийг өнгөрсөн хоёр, гурван жилд шинээр хэвлэсэн. Ирэх жил 30-аадыг хэвлүүлэхэд хүүхдүүд нийтдээ 100 гаруй сурах бичигтэй болох юм. Шударга өрсөлдөөнийг дэмжих үүднээс сурах бичгийг хувилбартай болгосон. Зарим жил нэг сурах бичгийг гурав хүртэл хувилбартай гаргаж байв. Энэ жилийн хувьд хоёр хувилбартай байхаар зарласан.

Сурах бичгийн маш олон баг тендерт оролцсон. 75-аас дээш оноо авсныг нь стандарт хангасан хэмээн үзэж, хамгийн өндөр оноо авсан хоёрыг нь сургуулиудаар сонгуулах, хэрэглүүлэх бодлого барьсан юм. Гэтэл эхний хоёрт орж чадаагүй баг үүнийг зөвшөөрч чаддаггүй. Минийх илүү байсан, тиймээс сонголтод орох ёстой. Яадаг юм бэ, хувилбар нь тав, зургаа, долоо байг хамаагүй, хэрэглэгчдийн сонгосон хувилбарыг л хэрэглүүлэх ёстой гэсэн. Үүн дээр гол маргаан үүсээд байгаа юм. Олон хувилбартай байх тусмаа сургалтыг хэцүү болгодог юм байна. Энэ бол зөв биш байжээ. Хувилбартай сурах бичгийг бид гурван жил үзлээ. Ирэх жилээс огт хувилбаргүй болгоно гэж бодож байгаа. Хувилбартай л байх юм бол дахиад сонголт хийх болдог. Сонголт байхаараа өрсөлдөөн, хэл ам гарч ирнэ. Тэгээд шүүхэддэг. Энэ жилийн 22 нэрийн сурах бичиг аймгуудад оччихсон байгаа. Сургуулиудад хүргүүлэх гэхээр шүүхийн шийдвэр гартал тарааж болохгүй гээд түдгэлзүүлчихсэн. Цаана нь хүүхэд, сургууль хохирч байна.

-Хувилбаргүй болгосон ч гэсэн зохиогчдын баг өрсөлдөж таарах уу?

-Үгүй. Хамгийн шилдэг эрдэмтэд, багш сурган хүмүүжүүлэгчдийг баг болгон эхээ бэлтгүүлье. Тэгээд шүүмжлэгчдийн буюу шинжээчдийн багт өгч шүүлгэе. Тэгээд л гүйцээ. Нэгдүгээр ангийн сурах бичиг ийм байна, аравдугаар ангийнх ийм байна гэж тогтсон нэг номтой болъё. Харин хэвлэх шатанд нь тендер зарлая гэж бодож байгаа.

-Жил жил өөр өөр сурах бичиг сургалтад ороод ирдэг. Залгамж халаа байхгүй боллоо гэж эцэг эхчүүд гомдоллодог тал бий?

-Сонгосон сурах бичгийг уг нь гурван жилийн дотор хэрэглэх журамтай. Гэтэл зарим сургууль өнгөрсөн жил нэг хувилбарыг нь сонгоод, энэ жил нөгөөхийг нь сонгож компаниудтай гэрээ хийчихсэн бололтой. Тиймээс нэг хувилбартай болгохоос өөр замгүй. Сурах бичгийн журмыг өөрчилж, эрх зүйн талаасаа цэгцлэх, зөрчилгүй болгох зүйл юу байна вэ гэдгийг авч үзнэ.

-Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадаагүй сургууль олон бий. Энэ юутай холбоотой вэ?

-Боловсролын салбарын хөрөнгө оруулалт асар их нэмэгдэж байгаа. 2006 онд БСШУЯ-ны жилийн хөрөнгө оруулалт есөн тэрбум төгрөг байсан. Энэ жил 35 тэрбум болж өссөн. Дээр нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Нордикийн хөгжлийн сангаас үзүүлж байгаа буцалтгүй тусламжийг нэмбэл 60-аад тэрбум төгрөг болно. Огцом нэмэгдсэн учраас тэр хөрөнгийг зөв шингээх асуудал гарч ирнэ л дээ. Барилга бариулна, засуулна гэхэд гүйцэтгэх чадвартай компани хэд байгаа вэ гэдэг асуудал хүнд. Гайгүй компаниуд томоохон ажлыг нь авчихдаг. Сургуулийн засварын 40-50 саяын санхүүжилттэй тендерт барилгын ажлын туршлага багатай, дөнгөж байгуулагдаж эрх авсан компаниуд оролцох жишээтэй. Үүнтэй холбоотой чанарын асуудал гарч ирсэн.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан 250 сая төгрөг орж ирээгүйгээс хүлээгдсэн тал бий. Энэ 19 тэрбум төгрөгийн найм орчим тэрбум нь БСШУ-ы салбарт зарцуулагдах юм. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэж гацаад наймдугаар сарын 20-ноос ажил эхэллээ. Наймдугаар сарын 10-нд улсын төсвийн тодотгол хийтэл засварын ажил зогссон. Үүнтэй холбоотойгоор засвар нэлээд хоцорч эхэлсэн. Одоо ч дуусаагүй. Зарим нь бүр эхэлж чадаа ч үгүй байна. Тендер дээр дахиад л будилдаг. Нэг нь шалгардаг, нөгөөх нь заргалддаг. Өнөөдрийн үйлчилж байгаа хууль журам хөрөнгө оруулалтыг аль болох түргэн шингээх бодлоготойгоо тэр бүр нийцэж чадахгүй байна. Үүнийг өөрчлөхгүй бол болохгүй. Заримдаа шууд гэрээ байгуулаад хийлгэдэг арга нь зөв юм байна.

-Одоо хичээлээ эхэлж чадаагүй сургууль ер нь байна уу?

-Үндсэндээ жигдэрсэн. Сая хориод хоногийн өмнө аймгуудын Боловсрол, соёлын газрын дарга нартай уулзлаа. Тэгэхэд улсын хэмжээнд гурван сургууль хичээлээ эхэлж чадаагүй байсан. Хичээлээ хугацаанд нь эхэлж чадаагүй сургуулиуд хагас бүтэн сайн өдрөөр хичээлээ нөхнө гэсэн үг.

-Гурван ээлжээр хичээллэдэг сургууль манайд олон уу?

-Бий бий. Хүн ам төвлөрсөн, нүүдэл суудал, шилжилт ихтэй газруудад нэлээд байгаа. Ээлжийн коэфицентийг багасгахын төлөө хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Гэтэл хүүхдийн тоо нэмэгдээд байдаг, сургуульд орох насыг нь урагшлуулж долоотойгоос авчихсан байдаг, ирэх жил зургаан настныг элсүүлнэ. Бас л их ачаалал нэмэгдэнэ. Хамгийн их ачаалалтай газар өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Улаанбаатар байна.

-Боловсролын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн талаар та ярилаа. Хэрвээ энэ их мөнгийг ондоо багтааж ашиглахгүй бол яах вэ?

-Хэрвээ энэ жилдээ шингээж чадахгүй бол шууд 2008 оны төсөв рүү шилжүүлнэ л дээ. Улсын төсөвт тусгаж байж дахин хуваарилна гэсэн үг. Тийм учраас аль болохоор ондоо багтаан ашиглаж дуусгах шаардлагатай. Бидний тооцоолж байгаагаар 95 хувьтай гүйцэтгэл гарах байх.

-Жил бүрийн намар оюутны сургалтын төлбөр нэмснээс бөөн асуудал гарч ирдэг. Зарим сургуулийн төлбөр сая төгрөгт хүрсэн байна. Үүнд яамнаас хяналт тавьдаг уу?

-Их, дээд сургуулийн төлбөрийг яам биш, их, дээд сургуулийн удирдах зөвлөл тогтоодог. Бидний зүгээс 10 хувиас илүү бүү нэмээч ээ гэдэг ерөнхий аман чиглэл өгдөг. Тодорхой хэмжээгээр нэмэхийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй л дээ. Яагаад гэвэл сайн багш ажиллуулах хэрэгтэй. Сайн цалин өгч байж чадалтай сайн докторууд, профессоруудыг авч үлдэнэ. Сайн инженер техникч бэлтгэе гэвэл дадлагын байр, тоног төхөөрөмж сайтай байх шаардлагатай. Үүнтэй холбоотой зардлууд гарч байна. 400-500 мянган төгрөгөөр Эйнштейн шиг хүн бэлтгэ гэсэн шаардлага бид тавих гээд байна. Энэ хэцүү. УИХ-ын зарим гишүүн дээд сургуулийн төлбөрийг чөлөөлөөч, тоог нь цөөлж, чанаржуулах нь зөв. Мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарч МСҮТ-ээ дэмжээд яваач ээ гэж хэлдэг. Бидний байр суурь ч ийм байгаа. Монгол Улс дэлхийд хамгийн олон коллеж, дээд сургуультай орон болсон. 135 мянган оюутантай, 150 шахам их, дээд сургууль, коллежтой.

-Хувийн сургууль, коллеж байгуулах босгыг өндөрсгөж болдоггүй юм уу. Дуртай нь л дээд сургууль байгуулж байна. Үүнд яам хяналт тавих боломж бий юү?

-Сайдаар ажиллаж байгаа 1.8 сарын хугацаанд би дээд сургууль нэмж байгуулсангүй. Гавьяат хуульч Чимид гуайн сургуульд л зөвшөөрөл өгсөн. Харин байсныг нь нэгтгэх, хаах ажлыг нэлээд хийсэн. Тэр утгаараа зарим хүнд би муу сайд байгаа. Одоо ч гэсэн байр суурийн ялгаа арилахгүй байна. “Сурч л байг л дээ, гудамжинд тэнэж явснаас дээр. Тэр хэмжээгээр монголчуудын боловсролын түвшин, суурь нь дээшилнэ” гэх хүмүүс ч таарна. Зарим нь “Болохгүй ээ, дампуурлаа. Дээд боловсрол нэр хүндгүй боллоо. Тиймээс цомхотгох, хаах хэрэгтэй гэдэг эсрэг тэсрэг байр суурьтай байна. Миний хувьд чанаржуулах, цөөлөх хэрэгтэй, МСҮТ-ийг түлхүү дэмжье гэсэн бодлого барьж байгаа.

-Боловсролын салбар бизнес хийх ашигтай талбар гэж хэлж болохоор боллоо. Сүүлийн үед хувийн дунд сургууль, цэцэрлэг моодонд орсон. Магадгүй энэ байдал даамжрах вий?

-Сая Боловсролын багц хуульд боловсролын байгууллага ашгийн ба ашгийн бус байж болно гэж хуульчилсан. Төрийн өмчийн сургуулиуд ашгийн төлөө байж болохгүй. Үндсэн хуульд бүх хүүхдэд есдүгээр анги хүртэл нь ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасан. Есдүгээр анги төгссөний дараа яах вэ гэдгээ тухайн хүүхэд шийднэ. Хуульд заасан учраас хориглох ямар ч аргагүй. Гэхдээ үйл ажиллагаанд нь буюу ямар хөтөлбөрөөр явж байна, чанар нь ямар байна гэдэгт хяналт тавина. Төлбөрт нь хяналт тавьж чадахгүй байгаа. Жишээ нь, Зайсангийн аманд байрладаг Америк дунд сургууль маш өндөр төлбөртэй. Үүнээс өмнө “Орчлон”, “Эрэл” дунд сургууль харьцангуй өндөр төлбөртэйд тооцогддог байв. Хүмүүс гэхдээ хүүхдээ өгөөд л байна шүү дээ. Улсын сургуулиуд хангалттай боловсрол олгож чадахгүй гэж үзэж байгаа нь хүүхдээ өгдөг нь үнэн.

-Энэ нэг талаар улсын сургуулийн чанар мууг харуулаад байгаа юм биш үү?

-Жигд биш байгаа нь үнэн. Гэхдээ төр засаг сүүлийн жилүүдэд хангалттай төсөв мөнгө өгч байсан уу гээд яривал бас өөр шүү. Чанарын тухай бид өдөр тутам ярьдаг. Боловсролд хүртээмж, чанар гэсэн хоёр асуудал бий. Хүртээмж гэдэг нь сургуулийн гадна нэг ч хүүхдийг орхихгүй байх гэсэн агуулга. Нөгөөх нь сургалтын чанар. Үнэндээ сая л нэг багш руу хандсан томоохон арга хэмжээ авч эхэллээ.

Багш нар маш бага цалинтай. Сургууль хувьсах зардлаар санхүүждэг. Хүүхэд цөөтэй сургуульд маш бага санхүүжилт ирнэ. Тийм цалингаар өдөр шөнөгүй ажиллаад мундаг сайн хүүхэд бэлтгэ гэхэд хэцүү ш дээ. Эдийн засгийн хөшүүрэг, багш нарын нийгмийн асуудлыг шийдэж, сургалтын орчинг нь сайжруулж өгөхгүй бол болохгүй. Хөдөө таваас дээш жил ажилласан багшид зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг аравдугаар сараас өгч эхлэв. Хөрөнгө оруулалт сургууль руугаа нэлээд нэмэгдлээ. Гурван ээлжийг хоёр луу оруулах гэж үзэж байна. Хоёрыг багасгаж 1.5 руу дөхүүлэхээр чармайж байна. Гэхдээ Монголын сургалтын байгууллага дэлхийн дунджаас нэг их хоцроогүй. Аравдугаар ангиа төгсөөд Европ, Америкт сурч байгаа хүүхдүүд үүнийг нотолж байна шүү дээ.

-Хүүхдэд мэдлэг олгохоосоо гадна багаас нь эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх ёстой гэж олон хүн ярьж бичих боллоо?

-12 жилийн тогтолцоонд шилжиж байгаагийн бас нэг том агуулга энд бий. Бид хүүхдийн хүмүүжил гэдгийг ер нь хаячихсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Уг нь социализм гэж бидний муулаад байдаг үед их анхаардаг байв. Хүмүүжлийн эрхлэгч гэж сургууль болгонд байлаа. 1990-ээд оны дунд үед “Хүмүүжил гэдэг ерөөсөө хүүхдэд, сургуульд таарахгүй нэр томьёо. Үүнийг хуулиас хасах хэрэгтэй” гээд төлөвшил гэдэг үгээр сольсон. Нэр томьёо, үгийг сольж болно, гэтэл цаана нь агуулгыг нь хаячихсан шүү дээ.

Одоо бол мэдлэг олгохоосоо гадна чадвар, төлөвшил, хүмүүжил бий болгохыг зорьж байна. Хүүхдийг хүн болгож авах гэдэг хамгийн том зорилт болсон. Бид хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд авна гээд байгаа үүнтэй л холбоотой. Зарим хүн зургаан настай хүүхдийг сургуульд авах нь тэнэг хэрэг гэж сонин дээр шүүмжилсэн байна лээ. Монгол Улс боловсролынхоо хөгжлийн хандлагаар дэлхийгээс сөөлжүү байгаад яах юм бэ. Үзэл бодлоороо, арьсны өнгөөрөө ялгаатай байж болно. Боловролын хөгжлийн хандлагаараа өөр байж таарахгүй. Дэлхийн 166 орны мэдээллийг интернэтээс харахад тэдгээрийн 80 орчим хувь нь хүүхдийг зургаагаас доош насанд нь сургуульд авч сургаж байна.

Тэр битгий хэл гурав, дөрвөн настайгаас нь сургадаг орон Карибын бүсэд хоёр байна. Манай хүүхдүүдийн зарим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Тэгж байхын оронд тэр насанд нь сургуульд сургая л даа. Адаглаад бие биеэсээ ичдэггүй, эмээдэггүй, хүнтэй зөв харилцаж сурна. Нөгөө талаар нийгмээ дагаад хүүхдийн сэтгэхүйн хөгжил түргэн болж байна. Тийм байхад бид найм, есөн наснаас нь авна гээд суугаад байж болохгүй. Африкт бас манайхтай адилхан тогтолцоо байдаг гэж сонссон.

Тэгээд хайсан чинь олддоггүй. Ази, Номхон далайн бүсэд найман наснаас нь авдаг нэг л орон байна. Ийм байхад зургаан настныг сургуульд авах дэмий гэж ярих нь утгагүй. Шинжлэх ухааны гүнзгий мэдлэг олгохоосоо илүү зөв хүн болгох, бие дааж сурч чаддаг, хөдөлмөрч, амьдарч чаддаг ийм чадварыг эзэмшүүлье гэж бид зорьж байна. 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр заавал үзэх хичээлийн тоо гаргаж байгаа. Монгол хэл, математик, байгалийн шинжлэлийн хичээлүүдийг үзнэ. Дуу хөгжим, биеийн тамир заавал байна. Бас заримыг нь сонголтоор үздэг. Тэр хүүхэд ирээдүйд ямар мэргэжил эзэмших юм, түүнд ямар авьяас чадвар байна, тэр чиглэлээр нь хөгжүүлье гэсэн сургалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулж байна.

-12 жилийн тогтолцоонд шилжихдээ дөрвөн жилд гурван удаа анги алгасуулна гээд байгаа. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Энэ шилжилтийг хэдэн жилд хийх вэ гэдгийг эцэслэж шийдээгүй байгаа. Үүнд багш нараас янз янзын санал гардаг. Зарим нь шилжилтээ дөрвөн жилийн дотор, нөгөө хэсэг нь зургаан жилийн дотор дуусгая гэсэн. Яараад хэрэггүй, ирэх жил зургаан настай хүүхэд элсүүлж, явсаар 2020 он гэхэд бүх шилжилтээ дуусгана гэж үзэж байгаа хүн ч бий. Энэ чиглэлээр ажилладаг сурган хүмүүжүүлэгчдийн судлаачдын саналыг авч байж шийдэхгүй бол ойр ойрхон анги үсэргэх нь сайн зүйл биш. Саяхан 11 жилийн сургалтын тогтолцоонд шилжлээ гэж анги алгасуулсан. Сайн судлах хэрэгтэй.

-Захирал, эрхлэгчид багшаа хийсэн нь дээр юм байна гэж гомдоллож байна. Багшлах зэрэг олгосон мөртлөө таван жил ажилласан багшид олгох тэтгэлгийг тэдэнд өгөхгүй гэсэн шийдвэр гарчээ?

-Ер нь бол захирал хүн багш болъё гэж байгаа нь зөв хандлага шүү. Хуучин бол зарим хүн “Би багшлахгүй, удирдах ажил хийе” гэдэг байсан. Харин багшид таван жил тутам зургаан сарын нэмэгдэл олгоно гэснээс хойш их олон хүн багшийн ажлаа хийе гэх болсон.

Хуучнаар хичээлийн эрхлэгч буюу сургалтын менежерүүд, аймгийн Боловсрол соёлын газрын заах аргач нар тэгээд явж байна. Энэ нь хандлагын хувьд буруу биш, сайн зүйл. Онц төгссөн багшийн ангийг сонгодог болсон байна. Энэ бол сургалтын чанарыг сайжруулах чиглэл рүү бидний хийж байгаа ажлын үр дүн эхнээсээ харагдаж байна гэсэн үг. Хөдөө, орон нутагт ажилласан захирлын хувьд нэмэгдэл байж болно гэж хуульд заасан шүү дээ.

-Ерөнхий боловсролын сургуулиудыг цогцолбороор хөгжүүлье гэж нэг хэсэг ярьсан. Цогцолбор болж хамрагдаагүй сургууль одоо бий юү?

-Бий бий. Сүүлийн үед нэмж байгуулаагүй. Цогцолбор болгоод явахад ямар байх нь вэ гэдгийг харж байгаа юм. Цогцолбор болсон нь олон давуу талтай. Ганцхан жишээ авахад улсын олимпиадуудад цогцолбор сургуулийн хүүхдүүд нэлээд дээгүүр дүн үзүүлдэг. Том сургууль болсноор хөрөнгө оруулалтыг татах талаасаа ч илүү. Багш нарын хүчийг зөв ашиглах боломж нээгдэнэ. Орон тоог үр ашигтай болгох бололцоо бүрдэнэ. Хөрөнгө санхүүг үр ашигтай зарцуулах талаасаа ч хэрэгтэй. Яамнаас үүнийг дэмжиж байгаа.1997 оноос хойш Азийн хөгжлийн банктай хамтран хийсэн томоохон өөрчлөлтийн нэг нь энэ.

-Техник мэргэжлийн сургуулийг дэмжих хэрэгтэй гэж та хэллээ. Энэ жилээс оюутнууд тэтгэлэг авдаг болсон. Цаашид ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Мэргэжилтэй ажилчин Монголд үнэхээр үгүйлэгдэж байна. Тийм учраас улсаас өгч байгаа хөрөнгө оруулалт, гадны зээл тусламжийг МСҮТ рүү түлхүү ашиглах бодлого бий. Улсын төсөвт 2006 оноос хойш хөрөнгө оруулалтыг МСҮТ-д гэж тусгайлан зааж өгдөг болсон. Тэнд суралцагчдад сар бүр 23 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхэлнэ. Тогтмол болон хувьсах зардлыг төрөөс өгч байгаа. Дээр нь энэ жил Азийн хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж эхэллээ. Аймгийн төвүүдэд байгаа МСҮТ-ийн барилгыг засах, тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын газар бий болгоход хөрөнгө зарцуулах шаардлагатай байна.

Бас нэг гэгээтэй мэдээ нь АНУ-ын Мянганы сорилтын сангаас үзүүлэх тусламжийн 18 сая ам.долларыг техник мэргэжлийн сургуулиудын сургалтын чанар, орчныг сайжруулах, багшийг чадваржуулах ажилд зарцуулахаар төлөвлөж байна. Сүүлийн 17 жил МСҮТ-ээ бид хаячихсан байсан. Өнөөдөр сайхан цаг иржээ. 1000 долларын цалин өгье, сайн тогооч авна гэж зар гардаг болж. Барилгын засалчин айлд цагаар ирж ажиллаад өдөрт 200 мянган төгрөг олж байна. Дээд сургуулийн диплом цуглуулах нь гол биш сайхан амьдрах нь чухал гэдгийг хүмүүс ойлгох болж. Долоон дипломтой хүнээс долдугаар зэргийн мужаан сайхан амьдрах үе иржээ гэж сонин дээр гарсан байсан. Яг үнэн. Говьсүмбэр аймагт энэ жил очсон их, дээд сургуулийн хуваарийг хүүхдүүд буцаасан байна. Яагаад гэвэл “Манай аймагт МСҮТ нээгдэх гэж байна. Бид тийшээ орно” гээд. Тэгэхээр зөв тийшээгээ хандлага гарч байна гэсэн үг биз.

-Багш нарын цалин 250 мянга болно гэсэн. Зарим нь нэмэгдээд сүйд болсон юм байхгүй гэх юм.

-Багш бүрийн цалин 250 мянга болно гэсэн үг биш. Энэ нь дундаж цалин шүү дээ. Ажилласан жил, мэргэжлийн зэрэг нь ялгаатай. Багш нарын цалингийн тогтолцоонд нэг шинэчлэл хийсэн. Өмнө нь танай сургууль хэдэн хүүхэдтэй вэ, аан тэд үү. Тэгвэл нэг хүүхдийн хувьсах зардал хэд вэ, үржүүллээ, өглөө, гүйцээ. Тийм л байсан. Хувьсах зардалд цалин, томилолт, бичиг хэргийн, эд хогшил худалдаж авах зардал, тэр байтугай жижиг засварын ажил, хичээл практикийн зардал бүгд багтдаг. Зарим газар жижиг сажиг зардалдаа төсвөө их үрчхээд багш нарын цалинд бага мөнгө зарцуулдаг байсан. Тэгвэл Засгийн газар саяхан цалингийн хувьсах зардлыг тусад нь баталж өгсөн. Энэ бол маш том шинэчлэл болно гэж бодож байгаа.

Багшид их олон нэмэгдэл байдаг байсан. Харамсалтай нь тэр нэмэгдлүүд зарим багшид олддоггүй байсан. Ялангуяа хувьсах зардал багатай, хүүхэд цөөтэй хөдөөгийн сургуулиудад тэр нэмэгдлийг олгох мөнгө очдоггүй. Одоо бол тэдгээр нэмэгдлийн нэлээдийг нь суурь цалинг өсгөхөд шингээж өгсөн. Анги даасан, секц дугуйлан, заах аргын нэгдэл удирдсан гэж тус бүр таваас арван хувийг авна. Дээр нь мэргэшлийн зэргийн нэмэгдэл гэж байна. Энэ нь дотроо гурван зэрэглэлтэй, доод тал нь 10 хувь, дунд талынх нь 15 хувь, зөвлөх багш бол 20 хувь болж нэмэгдсэн. Өмнө нь 5, 10, 15 байсан юм. Ийм байдлаар багш нарынхаа гар дээр аль болох ахиухан мөнгө тавих гэж оролдож байна.

-Багш дутагдалтай аймаг, сум олон бий юү?

-Орон нутаг, сумдад 300-гаад багш дутагдалтай гэсэн тойм судалгаа гарсан. Хөдөө, орон нутагт ажиллах юм бол тэтгэвэрт гарахад нь 18 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж өгнө. Дээр нь таван жил тутамд зургаан сарын тэтгэлэг өгнө гэж шинэчлэл хийснээр олон хүн хөдөөг зорьж байна.

-Боловсролын салбарт бодлого боловсруулахад сайдад тулж түших хүч нь яамныхан. Гэтэл зарим хүн танай Яамныхныг үндсэн ажлаасаа илүү төсөл хөтөлбөр рүү хандаж ажиллах сонирхолтой гэж шүүмжилдгийг та хэр хүлээж авдаг вэ?

-Манай яаманд төсөл татаж давхар ажил хийдэг хүн байхгүй. Үүнийг зөвшөөрдөггүй юм. Төслөөс давхар цалин, урамшуулал авдаггүй. Харин жил, улиралдаа нэг удаа хуралдах, зөвлөлд ороод явах нь бий. Боловсролын яамыг чадваржуулах ёстой гэдэгтэй би санал нэгддэг.
Гэхдээ нэг зүйлийг ний нуугүй хэлэхгүй бол болохгүй нь. Боловсролд хамаагүй өрх гэр байхгүй. 2,5 сая хүнд төрийн үйлчилгээг хүргэж байгаа, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй хүмүүсийн маань тоо яаманд 60 гаруйхан. Яамны ажилтнууд хөдөө, орон нутагт явж, байгууллагуудаар орж, шалгаж, зөвлөгөө өгч байх ёстой. Гэтэл ирсэн бичгүүдтэй танилцаж, хүн хүлээж аваад л таардаг байхгүй юу.

Төрийн үйлчилгээ яг энэ бүтцээрээ иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Үүнийг зарим хүн ойлгохыг үнэхээр хүсдэггүй. Цомхон, чадварлаг алба гэдэг гоё үг цээжилчихсэн. Төрийн алба цомхон чадварлаг байх нь сайн хэрэг. Гол нь төрийн үйлчилгээг хүргэх ёстой. Тэр талаасаа үнэхээр дутмаг юм. Социализмын үед Улсын номын худалдааны газар гээд номын бодлого зохицуулдаг том газар байлаа. Өнөөдөр манайд 0.3 хүн л энэ асуудлыг хариуцдаг.
Театр, дэлгэцийн урлаг гэхэд 0.2 хүн хариуцдаг. Давхар олон ажил хавсарсан гэсэн үг л дээ. Ийм байхад манай яамны хэдийг та нар муу байна гэх нь бас өрөөсгөл. Үнэхээр ажлын ачаалалтай байдаг.

-Засгийн газрын бүтцийн тухай яригдаж байгаа үед та энэ асуудлыг хөндөж тавьсан уу?

-Тавьж байгаа. Манай яам гурван том салбарыг хамардаг. Манай яамны одоо хийж байгаа ажлыг Ардын боловсролын яам, Дээд, тусгай дунд боловсролын Улсын хороо, шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан техникийн улсын хороо, Соёлын яам зэрэг таван том газар хариуцаж байсан. Боловсрол, шинжлэх ухаан хоёр нь хамтдаа байж болох ч Соёлын яам тусдаа байх ёстой юм биш үү гэж хүмүүсийн яриад байгаа зүйл үндэстэй. Соёлын бодлогыг хүн ардад хүргэнэ гэдэг чухал шүү дээ. Тэгтэл манай яаманд соёл урлаг хариуцсан долоохон хүн байгаа. Соёлын яам гэж байхад 50-иад орон тоотой байсан байх. Тийм учраас Соёлын яам бий болгож чаддаггүй юм аа гэхэд соёл урлагийн газар агентлагийн түвшинд зайлшгүй байх ёстой юм байна. Цаашид бүтцийн өөрчлөлтөөр энэ асуудал яригдах ёстой. Сайд болоогүй байхдаа би цомхон байх хэрэгтэй шүү дээ гэдэг байсан. Дотор нь ороод ажиллаад ийм хэрэгцээ байгааг ойлгосон.

-Сургалтын төлбөр нэмснийг асуудлыг Оюутны холбоо энэ намар нэлээд эсэргүүцсэн. Ер нь Оюутны холбоо танай яамтай яаж хамтарч ажилладаг вэ?

- Оюутны байгууллагууд манайхтай тун ойрхон ажиллах ёстой гэж боддог. Их, дээд сургуулиудын удирдах зөвлөлд оюутны байгууллагын төлөөллийг заавал оруул гэж би шаарддаг. Зарим захирал үүнд таатай байдаггүй юм. Төрийн төлөөллийн суудал дээр оюутнууд ямар хэрэгтэй юм гэж. Асуудал байгаа бол дотроо л яриг. Заавал гудамжинд гарч хашгираад яах юм. Сайдын зөвлөлд оюутны байгууллагын төлөөллийг заавал байлгадаг. Оюутны байгууллагыг өргөжүүлэх хэрэгтэй. Зарим сургуульд дотуур байрыг Оюутны холбоо нь хариуцах болсноор хэнийг оруулах вэ гэдгээ өөрсдөө шийддэг боллоо. Улаанбаатар хотод автобусны хөнгөлөлттэй билет борлуулах ажлыг Оюутны холбоо хариуцдаг. Энэ бол зүйтэй л гэж бодож байна. Төрийн ачаанаас тэд үүрэлцэж байна гэсэн үг. Улам л цаашаа сайн хийгээд явах хэрэгтэй.

-Өнгөрсөн жил Боловсролын аян гэж явуулсан. Үр дүнг нь Засгийн газраар хэлэлцүүлээгүй, олон нийтэд ч танилцуулахгүй хав дарлаа гэх хүн байна?

-Түүнийг хав дарах ямар ч хэрэггүй. Орон нутагт сум, багийн сургууль дээр байдал ямар байгааг судалж мэдье гэсэн. Багш нар ямар саналтай байна, тэнд юу доголдож байна гэдгийг өргөн хүрээтэй судалсан. Түүнийхээ үр дүнг бид өөрийн вэб сайтдаа тавьсан. Засгийн газарт танилцуулсан. Түүнд үндэслээд энэ жил багш нарын анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулсан. Зөвлөлгөөн зохион байгуулах үндсэн бэлтгэл ажил нь тэр аян байсан юм. Дутагдалтай зүйл олон гарсан. Нуугаад байх ямар ч шаардлагагүй. Энэ том салбарт ажил хийж байгаа хүмүүст дутагдал гаралгүй яахав. Шүүмжлэл гарч байвал ажил явж байна гэсэн үг. Шүүмжлэл гарахаа байчихвал ажил ерөнхийдөө зогслоо гэж би ойлгодог. Шүүмжлэл нь зөв байх хэрэгтэй юм.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Шинэчлэл гэхэд багадахаар, хувьсгал гэвэл сүржин болохоор ийм зорилт бидний өмнө тулж байна. Ирэх жил зургаан настай хүүхэд орон даяар сургуулийн хаалга тогших нь. Үүний бэлтгэл гэж нүсэр ажил байна. Ширээ сандал бэлтгэхээс авахуулаад бие засах газар хүртэл тэдэнд тохирсон байх хэрэгтэй. Ном, сурах бичиг, багш, шинэ заах арга зүй, бүгдийг бэлтгэх ёстой. Манай ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зургаан настай хүүхэдтэй ажиллаж байсан туршлага бага. Давтан бэлтгэх хэрэгтэй болж байна.

Сэтгэл зүй, насны онцлог энэ бүхнийг тооцсон сургалтын цоо шинэ арга шаардлагатай. 700 сургуульд тэр орчныг бүрдүүлнэ гэдэг хэцүү. Шийдвэр гаргах түвшинд үүнийг сайн ойлгохгүй яваа албан тушаалтнууд ч байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх зардлыг ядахдаа 700 сая төгрөг болгоод өгөөч гэхэд, ноднин төд байсан энэ жил 10 саяар нэмэгдсэн гээд суугаад байдаг. Сургууль, багш,эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн бүгд хүчээ нэгтгэж, бүх нийтийн үйлс болгон хөдлөх хэрэгтэй байна. Үүнийг бид сайн хийвэл Монголын ирээдүй маш их зүйлийг хожих болно. Энэ л миний ярилцлагын төгсгөлд хэлэх гол үг юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.