НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг нар оролцов
Олон Улсын Парламентын Холбооны ээлжит 142 дугаар Ассамблейн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй цахим хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүд уг цахим хуралдаанд оролцож буй бөгөөд өнөөдрийн /2021.04.29/ хуралдаанд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Олон Улсын Парламентын Холбооны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны удирдах товчооны гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нар оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Цар тахал дэлхий дахины тэгш бус байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?” сэдэвт илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ цар тахал дэлхий дахины тэгш бус байдлыг гүнзгийрүүлж байгааг онцлов. Үүнд, ажлын байрны тэгш бус байдал, цахим хуваагдал, цар тахлын сөрөг нөлөө эмэгтэйчүүдэд хүндээр туссан, вакцины хүртээмж тэгш бус байгаа зэргийг онцолж тэмдэглэсэн юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн хамгаалал, зохистой цалин хөлс, татварын шударга тогтолцоо зэрэг бодлогуудыг хэрэгжүүлж чадаагүй улс орнууд COVID-19-ийн эдийн засаг, хүн хүчний гамшигт нэрвэгдэж байна гэлээ. Цар тахал, тэгш бус байдлын эсрэг дэлхий даяар хамтдаа тэмцэх хэрэгтэйг илтгэлийнхээ төгсгөлд онцоллоо.
Илтгэгчид болон хэлэлцүүлгийн үеэр үг хэлсэн орнуудын парламентчид дэлхий дахинд тулгараад буй хөгжлийн нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх, цар тахлын дараа улсууд хэрхэн сэргэн босох, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд дэлхийн улс орнууд хамтран ажиллах тухайд санал хэлж, онцлов.
Мөн өнөөдрийн хурлаар НҮБ-75 тунхаглалын талаарх хэлэлцүүлэг хийж, сүүлийн үеийн мэдээллийг сонсов. НҮБ-75 тунхаглал, Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд оролцогчдоос байр суурийг нь сонсож, санал асуулга авсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Мөнхцэцэг нар идэвхтэй оролцов. Ийнхүү өнөөдрийн НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.