Яндан бүрээс төлбөр авах хэрэгтэй
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Батбаяр, гишүүн Г.Баярсайхан, Н.Ганбямба нар өчигдөр намрын чуулганаар гүйцэтгэсэн байнгын хорооны ажлыг тайлагнаж сэтгүүлчидтэй уулзлаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнгөрсөн намрын чуулганы хугацаанд 7 удаа хуралдаж, 15 асуудал хэлэлцсэн байна.
Тус байнгын хорооноос байгалийн цогцолбор газрууд дахь газар олголт, ашиглалтын байдалтай болон агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 46 дугаар тооллын биелэлтийг шалгаж, танилцах ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү тогоол нь УИХ-аар хоёр жилийн өмнө батлагдсан билээ.
УИХ-ын дээрх 46 дугаар тогтоолд Улаанбаатар хотын утааг 50 хувь бууруулна хэмээн заасан юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос агаарын бохирдолтой холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн даргаар Г.Баярсайханыг томилжээ. Тус ажлын хэсэг ирэх хаврын чуулганаа ажлаа УИХ-д тайлагнах юм байна.
Г.Баярсайхан гишүүний хэлж буйгаар утааг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл бол яндангийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм байна.
Үүнтэй холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан ч одоогоор хэлэлцүүлэг нь хойшлуулагдаад байгаа юм байна. Уг нь дээрх хуулийн төсөлд яндан бүрээс мянган төгрөг, аж ахуйн нэгж болон тансаг хэрэглээний автомашинаас татвар авах тухай тусгагдсан байжээ. Санхүүгийн хямралтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулахад зориулахаар 2008 онд төсөвлөсөн 50 гаруй тэрбум төгрөгийг болиулжээ.
Мөн байнгын хорооны дарга Б.Батбаяр агаарын бохирдолд хэтэрхий бага мөнгө төсөвлөж байна, хоёрын хооронд жижиг жижигхэн хөрөнгө юу ч болохгүй байна. Тиймээс нэг дорвитой их хөрөнгө зарцуулж байж утаа багасах боломжтой хэмээн хэллээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд агаарын бохирдлыг утаагүй түлш гэдэг ганц арга замаар шийдвэрлэх боломжгүй, гэр хорооллыг Орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимжүүлэх хэрэгжүүлэх гэсэн байр суурьтай байлаа.