
2021.04.30
Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна
Энхтайваны гүүрийг өчигдөр 20:00 цагаас хааж, зам засварын ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд хэв гажилтын заадас засварын ажил хийх юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр зам засварын ажилтай танилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил байгаа. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас батлуулсан. Энэ нь гүүр, гүүрэн байгууламж, газар доорх байгууламжийн засварын ажилд төдий л хүрэлцээтэй биш” хэмээн ярив. Хэдий тийм ч Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бололцоондоо тулгуурлаж, засварын ажлыг хийнэ гэдгээ хэлж байлаа.