Ц.Сэдванчиг гишүүн нутгийн залууст оюуны хөрөнгө оруулалт хийлээ
Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчигын санаачилгаар Хөвсгөл аймгийн оюутангуудын дунд "Шилдэг төгсөгч" тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, шалгарсан оюутангуудыг сургалтын төлбөрийг нь даахаар болжээ.
Хөвсгөл аймагт анх удаагаа зарлагдаж байгаа энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт нийт 400 орчим төгсөгчийн материал иржээ. Хоёр шатны шалгаруулалтын дүнд 10 оюутан шилдэг болж, өчигдөр Ц.Сэдванчиг гишүүнээс батламж бичгээр гардан авлаа.
Шалгарсан 10 төгсөгчдийн олонх нь бүтэн, хагас өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй, мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой ч улс, аймгийн олимпиад бусад уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож байсан хүүхдүүд ажээ.
Ц.Сэдванчиг гишүүн дээрх хөтөлбөрийн ивээн тэтгэгчээр мөн оролцжээ. Түүний энэхүү санаачилгад Хөвсгөл нутгийн залуус болон, эцэг эхчүүд сэтгэл хангалуун байж, түүнд талархал илэрхийллээ. Ц.Сэдванчиг гишүүн өөрөө ч нутгийн залуустаа энэ санхүүгийн хүнд хэцүү нөхцөлд туслалцаа үзүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийсэндээ сэтгэл хангалуун байгаа ажээ.