Төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр хэмнэхээр боллоо
2009.03.03

Төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр хэмнэхээр боллоо


Өчигдөр УИХ-дах намын бүлгүүдийн ээлжит хуралдаан боллоо.

Тус тусдаа хуралдсан АН-ын бүлэг болон МАХН-ын бүлгийн хуралдаанаас нэгдсэн нэг шийдвэр гарсан нь төсвийн тодотголд орсон төрийн албан хаагчдын цалинг хасахгүйгээр төсвийг хэмнэх боломжтой гэсэн шийдвэр байлаа.  Харин цалин хасахгүйгээр төсвийн алдагдлыг 6.1 хувьд барихын тулд 98 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс олох вэ? гэдэг дээр намын бүлгүүд ухаанаа уралдуулж байгаа бололтой.

АН-ын бүлгийн гишүүд цалин хасахаар өөрөөр хэмнэлт хийх боломжтой олон салбар байгааг тоочиж байлаа. Тухайлбал боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбаруудад таналт хийх боломжтой хэсэг байгаагаас ихэвчлэн урсгал зардал ихтэй байгаа хэсгээс таналт хийхийг гишүүд дэмжжээ. Мөн төрийн албаны данхар орон тоо, дэд дарга нарын суудлыг хасах хэрэгтэй талаар ч гишүүд ярилцжээ.

Бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ «2004-2005 онд төрийн албан хаагчийн орон тоо 115 мянга орчим байжээ. Зэсийн үнэ нэмэгдэх үед төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж ирсэн. 2008-2009 онд 9000 орчим төрийн албан хаагч нэмэгдсэн тоо байна. Энэ тоог нягтлах хэрэгтэй. Гэхдээ мөнгө их байх үед үргүй зардал гаргаж байгаа байдлыг арилгах, төрийн албан хаагчдыг дэмжсэн хөнгөлөлт чөлөөлөлтийг эргэж харах цаг нь болсон гэдгийг гишүүд хэлж байлаа» гэлээ.

Харин МАХН цалинг хасахгүйгээр  урсгал зардал болон захиргааны зардлыг багасгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэжээ. Энд ялангуяа гишүүд өөрсдөөсөө эхэлж, УИХ-ын гишүүдийн туслахын орон тоог цөөрүүлэх санал гарган, бүлгийн гишүүд дэмжжээ.
Мөн АН-ын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг багасгахгүй байх тал дээр анхаарлаа хандуулсан бол харин МАХН төсвийн тодотголд орж ирсэн шинэ гэр бүл бологсдын 500 мянган төгрөгийг 300 мянга болгож багасгасанг цаг үеэ олоогүй буруу шийдвэр хэмээн үзжээ. Тиймээс энэ мөнгөн халамжийн 500 мянга хэвээр нь үлдээх нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд санал нэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.