Нийслэлийн 5000 өрхийн хашаанд мод тарина
2021.05.19

Нийслэлийн 5000 өрхийн хашаанд мод тарина

Бүх нийтээр мод тарих өдрийг 2010 оноос хойш тэмдэглэж, энэ хүрээнд жил бүр мод тарих аян өрнүүлдэг.

Энэ жилийн хувьд нийслэлийн 100 хорооны 5000 өрхөд 14 төрлийн 25 мянган тарьц, суулгац өгч, тарих ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 35, Сүхбаатар дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 20, Баянгол дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 13 хороонд мод тарина.

НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20.000 шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн гадна бичил ногоон төгөл байгууллаа. Ногоон төгөл байгуулах ажилд УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шуурхай ажил, дотоод зохион байгуулалт хариуцсан албаны дарга Б.Золбоо, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон албаны хүмүүс оролцлоо.

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Нийслэл хотын хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьжээ. Ногоон бүсийн ойн санг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах ажлуудыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна.

Иргэд тарьсан модоо арчлахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл Баянзүрх хайрханы энгэрт тарьсан 20.000 шинэс модны арчилгааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид хариуцах юм байна.