Зөвхөн хүн та байгаль орчноо хамгаалж чадна
2021.05.25

Зөвхөн хүн та байгаль орчноо хамгаалж чадна

Хүн амын хурдацтай өсөлт, үрэлгэн хэрэглээ, зохисгүй үйлдэл нь байгаль орчныг бохирдуулж, доройтолд оруулж байна. Үүний улмаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гарч байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд өсөн нэмэгдсээр байна.

Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас даруй 3 дахин их буюу сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд 2.2°С дулаарч, хур тунадасны хэмжээ 7 хувиар буурчээ. Үүний улмаас байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад илүүтэй эрсдэл учирч, гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, хамрах хүрээ нэмэгдэж байна.

Иймд байгаль орчны талаар баримталж буй төрийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутаг, газар, ус, ой зэрэг байгалийн баялгийн зохистой ашиглалт, хамгаалалт, эклологийн эрх зүйн зөрчил, хүлээлгэх хариуцлагыг тодорхойлох, шийдвэрлэх арга замыг олох “БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ” сэдэвт Үндэсний бага хурал 2021 оны 5 дугаар 27-ны өдрийн 14 цагт цахимаар болох гэж байна.

Тус хурал нь байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн асуудлыг холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн байгууллагын судалгаа, эрдэмтэн судлаачдын үзэл баримтлалыг дэлгэрүүлэх, түгээх зорилготой юм. БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЭДИЙН ЗАСАГ, ЭРХ ЗҮЙН МЕХАНИЗМ” Үндэсний бага хурлыг 30-н жилийн түүхтэй Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн сургууль санаачлан, зохион байгуулж байна. Үндэсний бага хуралд,

ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Экологийн эрх зүйн багш, доктор, дэд профессор М.Сувд, ОТИС-ийн Хууль Зүйн Сургуулийн захирал, доктор, профессор Д.Эрдэнэчимэг нар нээж үг хэлнэ.

Хуралдааны модератороор ШӨХТГ-ын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ үг хэлж, хурлыг удирдан чиглүүлэх аж.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ

“Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өргөтгөл”, “Байгаль орчны хяналтын чиглэлээр илэрч буй нийтлэг зөрчил дутагдал, авсан арга хэмжээ”, “Байгаль орчныг хамгаалах эдийн засаг, эрх зүйн онол, үзэл баримтлал”, “Тавантолгой ордын хөгжил, хүн ам, үйлдвэрлэл дэх усны хэрэглээ, байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал”, “Усны талаар баримтлах бодлого, ус ашиглалт”, “Байгаль орчны ажилд урьдчилан сэргийлэх ажлын үүрэг, ач холбогдол”, “Байгаль орчныг хамгаалах эрх зүйн механизм” зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавих юм. 

Отгонтэнгэр Их сургууль болон “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар” гэсэн пэйж хуудсаар Үндэсний бага хурлыг шууд дамжуулах тул иргэд, олон нийт нээлттэй оролцох боломжтой аж.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn