Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ.
Үүний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олонтой уулзлаа.
Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэдгийг онцоллоо. Тэрбээр “Жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Энэ мөнгийг дан ганц зам барилга, байгууламж барихад зарцуулахгүй. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийхэд тодорхой хувийг нь зарцуулна. 420 тэрбум төгрөгөөс гадна санхүүгийн олон эх үүсвэрийг татна” гэлээ.
Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-аар тун удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа билээ. Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хэлсэн юм.
Тэрбээр ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд бие даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ гэв. Үүний дараа Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулаад зам тээврийн осол их гардаг байршлуудыг судалж, ослыг хэрхэн бууруулах талаар инженерчлэлийн төлөвлөлт хийж байгаа гэлээ.
Харин Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр гэрлэн дохионы ухаалаг системийг хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Цаашид явган зорчигч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аюулгүй зорчуулах чиглэлд түлхүү ажиллахаар зорьж байна гэлээ.
Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, нийтийн тээврийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ОО-ын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн баталгааг хангаж өгөх зэрэг саналуудыг хэлж байсан юм. Үүнд Хотын дарга тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж өгнө гэлээ. Мөн тэрбээр авто замын камержуулалт болон гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ гэв.
Түүнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэлт, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өгсөн юм.