Б.Хэрлэн: Төрийн албан хаагчдыг цомтгохгүйгээр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр, хураамжаас хэмнэлт хийж болохгүй юу?
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025/07/01ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ./-ийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асууж, байр суурь илэрхийллээ.
Нэгдүгээрт
Төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулна гэж яриад байгаа. Үйлчилгээний салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчид. Ялангуяа боловсрол, соёл урлаг, спортын салбарт ажиллаж байгаа албан хаагчид самбарын өмнө гараад хичээл заадаг. Тайзан дээр гараад дуулдаг, уран сайханч жүжигчид. Тэгэхээр энэ хүмүүсээс орон тоог нь хасахаар энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж нөхцөл нь ямар болох бол. Бүгд адилхан 9 хувийг нь хасна гэхээр үйлчилгээний салбарын хувьд арай өөр байдлаар хандах боломж байх уу? Төрийн албан хаагчдыг цөөлж төсвийн мөнгө хэмнэхээс илүүтэй урсгал зардал дотор чинь маш их хэмжээг эзэлж байгаа бусдаар гүйцэтгүүлэх ажил төлбөр, хураамж гэдэг хэсгээс хасаж болоогүй юу? Юунд зарцуулах нь мэдэгдэхгүй маш их хэмжээний төсөв мөнгө тэнд байдаг. Тэрнээс хэмнэчих юм бол төрийн албан хаагчдаас хасаж танаад байх шаардлага гарахгүй юм биш үү?
Хоёрдугаарт
нь дээд боловсролын тухай хуулийн 32.3т Дээд боловсролын тогтмол зардлыг төрөөс дэмжлэг болгон үзүүлэх гээд заасан. Үүнтэй уялдуулаад 13 тэрбум 500 сая төгрөгийг олгохгүй гэж байна. Энэ зардал мөнгө их дээд сургуулиудын дотуур байрыг засах мөн багш нарыг чадавхжуулахад зарцуулагддаг. Тэгэхээр энэ мөнгө байхгүй болсноороо оюутан сурагчдын сургалтын төлбөр нэмэгдэнэ. Дээд боловсролын сургуулийн багш нарыг мэргэжил ахиулах, сургах, хөгжүүлэх ажлууд тасалдах болно. Энэ бүхэн иргэдийн нуруун дээр бууна гэсэн үг. Үүнийг бодолцох боломж байна уу?
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.