Монголын 8000 өрхийн аж ахуй хамрагдах НҮБ-ын ХХААБ-ын төсөл хэрэгжиж эхэллээ
Монголын 8000 өрхийн аж ахуй хамрагдах НҮБ-ын ХХААБ-ын “Хүнсний үнийн хөөрөгдөлд өртөгдсөн бага орлоготой өрхийн аж ахуйнуудыг дэмжих” төсөл хэрэгжиж эхэллээ. 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс “Хүнсний үнийн хөөрөгдөлд өртөгдсөн бага орлоготой өрхийн аж ахуйнуудыг дэмжих” TCP/MON/3202 төслийн үр шим хүртэгч айл өрхүүдэд төмсний үр хуваарилах арга хэмжээг эхлүүлж байна.
Энэ арга хэмжээний нээлт Сүхбаатар дүүргийн 32-н тойрог дахь “Бүрд” худалдааны төвд боллоо. Тус арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, НҮБ-ын ХХААБ /хүнс, хөдөө аж ахуйн байгууллага/-ын Бээжин дэх Суурин төлөөлөгч хадагтай Викториа Секитолеко, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Ганболд нар оролцож үг хэллээ. Эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа болон хаврын тариалалтын энэ чухал үед төмс болон бусад хүнсний ногооны үр авч байгаадаа төсөлд хамрагдаж буй хүмүүс туйлын баяртай байлаа. Тус төслийн тухай дараахь мэдээлээс уншина уу. “Хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд авах арга хэмжээ, санаачилга” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас даян дэлхийг хамарсан хүнсний хямралын талаар нэн даруй авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь уг хөтөлбөрт хамрагдсан улс орнуудын бага орлоготой өрхийн аж ахуйнуудыг дэмжиж, ХАА-н үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулж улс тус бүрт 500 мянган ам. долларын буцалтгүй тусламж олгосон явдал юм. Энэхүү арга хэмжээ нь даян дэлхийн хүнсний хямрал, хүнсний бүтээгдэхүүний хөөрөгдлийг даван туулахын тулд ХАА-н үйлдвэрлэл болон ХАА-д оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг дэлхийн олон нийтэд уриалсан уриалга болж байгаа юм. Монгол Улсад “Хүнсний үнийн хөөрөгдөлд өртөгдсөн бага орлоготой өрхийн аж ахуйнуудыг дэмжих” TCP/MON/3202 төслийг НҮБ-ын ХХААБ-аас ХХААХҮЯ-тай хамтран 2008 оны 07 дугаар сараас 2009 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд, уг төслийн хүрээнд 11 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргийн нийт 8000 орчим бага орлоготой өрхийн аж ахуйнуудад төмс, хүнсний ногооны үр буцалтгүй тусламжаар нийлүүлж ХАА-н үйлдвэрлэл, өрхийн амьжиргааг дэмжиж байна. Энэ төсөлд ногоо тариалах туршлагатай, бага орлоготой өрхүүд хамрагдаж, эмзэг бүлгийн өрхүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүд давуу эрхтэй хамрагдсан байна.
Төслөөс нэг айл өрхөд 75 кг төмсний үр, шар луувангийн үр 62.5 гр, шар манжин 50 гр, хүрэн манжин 18.75 гр, хэмх 32.5 гр, сонгины үр 12.5 гр тус тус олгоно. Төсөлд Өвөрхангай – 430, Архангай – 370, Завхан – 280, Сэлэнгэ – 1150, Төв – 690, Ховд – 600, Баян Өлгий – 250, Дорнод – 200, Хөвсгөл – 158, Баянхонгор – 110, Говь Алтай – 42, Улаанбаатар – 3720 өрх буюу нийт 8000 өрх хамрагдаж байна. Уг төслийн хөндлөнгийн мониторингийн үнэлгээг НҮБ-ын ХХААБ-тай гэрээ байгуулсны үндсэн дээр “Хөдөөгийн хөрөнгө оруулалтыг дэмжих” ТББ гүйцэтгэж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд НҮБ-ын ХХААБ-аас дараагийн шатанд дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, өрхийн аж ахуйнуудын ХАА-н үйлдвэрлэлд шаардлагатай орцуудын төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтой байгаа юм.