Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа
2021.06.21

Түр хорооны гишүүд Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа билээ.

Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр /2021.06.21/ Улсын онцгой комиссын Шуурхай штабт очиж ажилласан бөгөөд Түр хорооны гишүүдийг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд нар хамт ажиллав.

Эхлээд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нар Түр хорооны гишүүдэд цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг хийлээ. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал бодлоо илэрхийлэв.

Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдад баярлаж буйгаа илэрхийлж амжилт хүсэв. Вакцинжуулалт сайн байгаа хэдий ч өвчлөлийн хувь мөн өндөр байгаад анхаарах ёстойг сануулаад УОК-ын гаргасан шийдвэрээс хамаарч улс орны хэмжээнд гамшигт өвчлөлийг хэрхэн богино хугацаанд даван туулах арга зам тодорхойлогдох тул хичээж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг өрхийн эмнэлгүүдэд ачаалал өндөр, асуудал их байгааг дурдаад эмчилгээ үйлчилгээнд анхаарах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хуралдуулж коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын эмийн үнийг бууруулах боломж байгааг судлан үзэхийг чиглэл болгов. Мөн мэдээллийг нэг сувгаар түгээхэд анхаарахгүй бол хүн бүр өөр өөрсдийн дүгнэлтийг мэдээлэх нь иргэдийг төөрөлдүүлж эрсдэлийг нэмэгдүүлж байгаад анхаарал хандуулахыг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд судлаач эрдэмтдийн үгийг сайтар сонсмоор байна. Дэлхийн зарим улс орнууд гурав дахь тунг хийж эхлэхийн ач холбогдлыг ихээр ярих болсон, 12-оос дээш насны хүүхдүүдэд фрэйзер вакциныг хийж байгааг шуурхайлах, эмчилгээний багцын үнэ өндөр байгаад анхаарах, шаардлагатай бол төрөөс даадаг болох талаар судлан үзэхийг санал болгов.