"Эрдэнэт Медипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно
2021.06.24

"Эрдэнэт Медипас" эмнэлгийг улсын өмчид буцаан авч, бүс дундын эмнэлэг болгоно

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 64.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьсан "Эрдэнэт медикал" эмнэлгийг хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлсэн байна.

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр барьсан эмнэлгийг улсын өмчид буцаан авч, цар тахалтай тэмцэх чиглэлээр ашиглах талаар судалж,  Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох хүмүүст даалгав.

"Засгийн газар, Улсын онцгой комисс бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Эмнэлгийн ачааллыг бууруулах, орны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүх нөөцийг ашиглаж байгаа энэ үед  хууль бус үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийг  зориулалтын дагуу ашиглах нь зүйтэй" гэж Шадар сайд  хэллээ.

"Эрдэнэт Медипас" эмнэлэг 120 гаруй эмч, ажилчинтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтүүлэн эмчлэх тасагтай юм.