Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Хөдөлмөрийн үндэсний намын удирдлагууд бараалхаж, хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын Удирдах зөвлөлийн гишүүд бараалхаж, хүндэтгэл үзүүлэв.
Уулзалтын эхэнд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, улс оронд тогтвортой байдлыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, дэлхийд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлдөг албан тушаалтан гэдгийг онцолж, дээрх чиглэлүүдээр ирэх зургаан жилийн хугацаанд манлайлал үзүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ Төрийн тэргүүний хувьд улс төрийн бүх намтай тэнцүү харилцахын хажуугаар парламентад суудалтай, улс төрд шинэ соёлыг дэлгэрүүлж буй ХҮН-тай нягт хамтран ажиллахдаа таатай байх болно хэмээн тэмдэглэлээ.
Тухайлбал, Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, цаашлаад сонгодог парламентын тогтолцоог хөгжүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх, бие даасан, хараат бус, хуулиа дээдэлсэн шүүх, прокурорын байгууллагатай болох, ингэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын суурь зарчмыг чанд хадгалах, авлигатай тэмцэх стратегиа боловсронгуй болгохын төлөө ХҮН-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хэллээ.
Улмаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд байгаль орчны доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг асуудлаар идэвх санаачилгатай ажиллана гэдгээ тодотгов.