Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга
2009.05.25

Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн танилцуулга

Монгол улсын ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх явдал нь Монгол улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомжид заасны дагуу төрийн болон иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үндсэн чиг үүрэгт хамаардаг.

Монгол улсын хэмжээнд барилгын салбар нь хурдацтай хөгжиж байгаа ч энэ нь нөгөө талаас ой модыг хулгайгаар хавтгайруулан огтлох үндэслэл болж улмаар ойн экосистемд муугаар нөлөөлөн, ус зохицуулах, хөрс хамгаалах зэрэг ойн экологийн ач холбогдолт шинжийг алдагдуулах, жижиг гол горхи, нуур цөөрөм хатаж цөлжилтийн явц түргэсэхэд томоохон түлхэц болж байна хэмээн үзэж "Барилгын хуульд нэмэлт оруулах тухай хууль"-ийн төсөл, түүнийг дагалдуулан "Ойн тухай хуульд нэмэлт оруулах тухай", "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай", "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Гансүх, Н.Батбаяр нараас санаачлан боловсруулж 2009 оны 03 дугаар сарын 23 ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төслийг Улсын Их хурал 2009 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж 2009 оны 04 дүгээр сарын 23 ны өдрийн хуралдаанаар баталсан.

Дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад төслийг санаачлан боловсруулсан гишүүдийн олонхын саналаар "Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай", "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төслийг буцаан татсан юм.

"Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль" нь барилгын хэв хашмалын тулаасанд мод хэрэглэхийг хориглохтой холбоотой харилцааг зохицуулах ба үндсэн зорилго нь барилга байгууламж барих явцад ойгоос хэв хашмалын тулаасанд залуу, зулзаган моддыг их хэмжээгээр тайрч, огтлох явдлыг хязгаарлахад оршиж байгаа юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.