Ц.Даваасүрэн: Үр дүнг сайн тооцохгүй, эргэж буцсан шийдвэрүүд их гарч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Төсвийн шалгуур үзүүлэлтүүдээ үе үе байнга шалтаг хэлээд өөрчлөөд байна гэдэг бол эдийн засагт бол их буруу сигнал өгч байгаа юм. Зөвхөн гадны хөрөнгө оруулагч нар ч биш манай биенес эрхлэгчид ч гэсэн байр нь хүндэрч байна, өрийн дарамт ихсэж, өр төлөх юм байна гэсэн ойлголт өгч байгаа юм. Төсөв эдийн засгаа тогтвортой байлгахын тулд байнга асуудал гаргаж ирээд өөрчлөөд байх хэрэггүй. Ер нь ямар юм ажиглаад байна гэхээр сандарч тэвдсэн үр дүнг сайн тооцохгүй, эргэж буцсан шийдвэрүүд их гарч байна. УИХ, Засгийн газрын түвшинд ч арай жулддаг болсон байна. Ажлын туршлагагүй хүмүүс их орж ирсэн байна. Төрийн албаны ямар ч туршлагагүй байна. Ярьж хэлж байгаа зүйлүүд, гаргаж байгаа шийдвэрүүд, бодлогын арга хэмжээнүүд урт хугацааны биш юмнууд гарч байна.
Ковид-19-ын энэ хүнд нөхцөлтэй, хямрал хавсраад ийм нэг хөнгөхөн төр бий болгочихлоо. Энэ нь Ковид-19-ын асуудлаа шийдэж чадахгүй улам хүндэрч байна. Эмч нар баяр наадам хийснээр цар тахал дэлгэрч байна гэж байна. Өмнө нь дуугарахгүй яасан юм бэ? Хичнээн хүмүүсээ алдсаныхаа дараа дуугарч байна. Хаанаа ч тэр төр суларсан байна. Салбараа ч, төрөө ч олигтой авч явж чадахгүй болсон юм байна.
Дэлхийд ковидтой тэмцэх тал дээр үхлээрээ, тархалтаараа нэгд орж байна гэдэг нь бид ямар байгааг харуулж байна. Тийм учраас энэ дээр сайн боддог, бодлоготой шийдвэр гаргадаг, туршлагатай багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Би Ерөнхий сайдыг сонгогдож байхад нь багаа сайн бүрдүүлээрэй чи залуу хүн гэж хэлсэн. Өнөөдөр ийм л үр дүн гарч ирж байна. Тиймээс бид хаа хаанаа хамтраад УИХ зүгээр суугаад байж болохгүй. Их хурлын холбогдох байнгын хороод хүртэл ажиллах хэрэгтэй. Засгийн газрыгаа өнчрүүлж болохгүй. Цар тахал бол Засгийн газрын ажил гээд орхиж болохгүй. Гаргаж байгаа алдаануудыг нь засаж залруулан, хамтран ажиллах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй байна.
Түүний асуултад Сангийн Яамны Төсвийн Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Ж.Ганбат хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn