Гурван аймгийг тусгайлан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс болгоно
2009.06.03

Гурван аймгийг тусгайлан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс болгоно

Өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү, Э.Бат-Үүл нарын санаачлан боловсруулсан Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Уг хуулийн төсөлд Сэлэнгэ, Төв, Булган аймгийг газар тариалангийн бүс нутгаар тодорхойлж, тэнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх тухай тусгасан байгаа юм.

Асуудлыг хэлэлцэх үед зарим гишүүд гурван аймгийг тусгайлан газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутаг болгож хуульчлах нь учир дутагдалтай байна.

Харин бүх аймгийн удирдлагад энэ эрхийг нь өгвөл яасан юм бэ гэсэн саналыг гаргаж байлаа. Эцэст нь УИХ-ын нэгдсэн чуулганаар Газар тариалангийн бүс нутаг тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад, гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Түүний дараагаар 2008 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцэх хоёр дах хэлэлцүүлэг болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нар салбарынхаа 2008 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ. БОАЖ-ын яамд 6 тэрбум 512 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд 400 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин ХХААХҮЯ-ны төсөв зарцуулах ёстой хэмжээндээ зарцуулагдсан байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Говь-Алтай аймагт хоёр ч газар худаг гаргасан гэж хэлээд төсвөөс нь мөнгө авсан байдаг. Тэгээд газар дээр нь очоод үзэхээр нүх ч ухаагүй байна. Үүнийг аудитын байгууллага хэрхэн шалгаж байна вэ?” гэж асуулаа. Үндэсний Аудитын газрын дарга Ч.Раднаа “Удахгүй орон нутаг дахь аудитын ажилтнууд энэ талын ажлын тайлангаа ирүүлнэ. Эндээс мэдэж болно” гэлээ. Харин ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунай энэ асуудал дээр “Орон нутагт өрөмдлөгийн болоод гүний худагтай холбоотой гомдол нэлээд гардаг. Энэ асуудлыг нэг мөр цэгцлэхийн тулд энэ зундаа худгуудыг тоолж, аль аймагт хэдэн худаг ажиллахгүй байгаа, хэчнээн нь ажиллаж байгааг тогтооно. Мөн оновчтой газарт байршсан нь хэд вэ гэдгийг нарийвчлан гаргаж, цаашид худаг гаргах ажилд орон нутгийн хараа хяналтыг сайжруулах болно” гэлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.