​З.Мэндсайхан: Ургац хураалтад 8000 хүнийг цалинтай ажиллуулна
2021.08.11

​З.Мэндсайхан: Ургац хураалтад 8000 хүнийг цалинтай ажиллуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ургац хураалттай холбоотой гаргасан шийдвэрийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулаа.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын талаар зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ жил өмнөх  жилүүдтэй харьцуулбал улсын дунджаас харьцангуй өндөр ургац хураах төлөвтэй байна. Энэ онд бид нийт 616.000 га-д үр тариа тариулсан. Үүний 416,8 мянган га-д улаан буудай, 19,1 мянган га-д төмс 9,4 мянган га-д хүнсний ногоо 86,4 мянган га-д тосны ургамал, нийт 4,7 мянган га-д жимс жимсгэний тариалалт хйисэн байна.Ургацын тариалалтын байдалтай танилцахад соёололт болон технологийн хувьд 90 хувь "онц сайн" дүнтэй байна. Иймд энэ жил бид сүүлийн 30 жилийн дунджаас ахиу, боломжийн  ургац хураалт авах нь гэж харж байна.

Ургац хураалтад орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл гол асуудал болж байна. Иймд, саадгүй тээвэрлэх чиглэлээр Засгийн газраас замын асуудлыг шийдвэрлэх чиглэл гарлаа. Түүнчлэн, их дээд сургуулийн болон МСҮТ-ийн оюутан залуус, цэргийн албан хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлээр тогтоол гарлаа. Аж ахуй нэгжүүд эдгээр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын байраар хангах юм.

Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ургац хураалтад нэмэлтээр хэчнээн хүний ажлын байр гаргахаар байгаа вэ. Мөн хэдэн төгрөгийн цалинтай байх вэ?

-Аж ахуй нэгжээс 8000 орчим  ажиллах хүчин хэрэгтэй гэх хүсэлт ирүүлсэн. Өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтай ажиллуулахаа илэрхийлсэн.

Бид цаг уурын эрсдэлтэй нөхцөл байдлыг тооцоолж байна. Иймд Засгийн газрын гол шийдвэр бол аль болох богино хугацаанд ургацаа хурааж авах юм. Үүнд мөн иргэдээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

-Энэ жил дотоодын хүнсний ногооны хэрэгцээний хэдэн хувийг хангах вэ?

-Өнгөсрөн онд бид нарийн ногооны дотоодын хэрэгцээний 45,6 хувийг дотоодоосоо хангасан бол энэ жил 60 хувьд хүргэж боломж байна гэж харж байна. Засгийн газраас нийт 7 орчим сая еврогийн хөрөнгө оруулалтаар Дархан, Сэлэнгийн бүс нутагт 8000 орчим тонн хүнсний ногооны агуулах байршуулах шийдвэр гаргасан. Энэ ажил есдүгээр сараас эхэлнэ.