Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа
2021.08.20

Орчны аюулгүй байдал алдагдсан 1283 байршлын зөрчлийг арилгалаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнгөрсөн долдугаар сарын зөвлөлийн хурлаар Хотын дарга “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Захирамжийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 11.749 ам метр газрыг чөлөөлсөн бөгөөд тус газруудыг нийтийн эдэлбэр газар болгох санал гаргаад байна. Газар чөлөөлөлт хийсэн байршлуудаас 14 нь тохижилт, ногоон байгууламж хийх боломжтой. Тус байршлуудад явган хүний зам, ойн төгөл, бичил цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөжээ.

Нийслэлийн иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөнд халтай зүйл бол ил задгай цахилгааны утас. Тэгвэл нийт 491 байршилд ил задгай цахилгааны утас байсныг олж тогтоосноос 200 байршил дахь зөрчлийг газар дээр нь арилгаж, цахилгааны утсыг цэгцлэн засварлаж, аюулгүй байдлыг хангалаа. Мөн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн хүүхдийн тоглоомын 419 талбай байгаагаас 120 байршил дахь зөрчлийг арилган, талбайг засаж, сайжруулах ажил хийжээ. Энэ мэтчилэн нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдал алдагдсан 2277 зөрчил байгаагаас 1320 байршилд зөрчлөө арилгах хугацаатай мэдэгдэх хуудас хүргүүлж, 1283 байршил дахь зөрчлийг арилгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газар чөлөөлөлт хийсэн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгалаа. Мөн чөлөөлсөн байршлуудыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, нийтийн биеийн тамирын зориулалтаар тохижуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.

Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдах хүсэлт гаргажээ

Зөвлөлийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар  танилцуулав. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо нь 2548 өрхийн 9009 хүн амтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 2.200 га бөгөөд зүүн талаараа Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хороо,  баруун талаараа 41 дүгээр хороо, хойд талаараа 9 дүгээр хороотой хиллэдэг. 40 дүгээр хорооны Хилийн цэргийн 0119-ийн 1-4 дүгээр гудамжны 144 иргэнээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн. Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байна. Иргэдээс ирсэн хүсэлтийг үндэслэн, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалт тогтоох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болов.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжиж байна

Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөн барилгажуулах төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн Арьс ширний 26 дугаар байрыг буулган, 16 давхар хоёр блок, 88 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгыг барьж, б  ашиглалтад оруулсан. Мөн Баянгол дүүргийн Давхрын-7, 8, 9, 10, 11, 12 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулахаар төлөвлөснөөс өнгөрсөн хугацаанд 9, 10 дугаар байрыг буулгаж, барилгын ажил 80 хувьтай байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 6, 7, 8 дугаар байрыг буулган барилгажилтын ажлыг бүрэн гүйцэтгэв.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 51, 52 дугаар байрыг буулган барьж буй барилгын явц 50 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Эдгээр төслийн гадна дулаан, ус хангамж, инженерийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээний барилга угсралтын ажилд тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай байгааг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан юм.  

Хотын дарга Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээнд шаардлагатай хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.