Н.Ганибал: Бичигт боомтыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор бүхий хот байгуулж, харилцан ашигтайгаар хамтран ажиллах ёстой
Монгол Улсын Засгийн газраас Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын төслийг хөдөлгөх шийдвэр гаргасан.
Эдийн засгийн хөгжлийн тулгуур нь дэд бүтэц байдаг. Манай улсын хувьд төмөр замын төслүүдээ амжилттай хэрэгжүүлж чадвал газарзүйн байршлын давуу талаа ашиглан эдийн засгаа сэргээх боломжтой.
Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг ашиглалтанд оруулснаар хойд хэсгээр Оросын Забайкалсийн төмөр зам, урд хэсгээр БНХАУ-ын Өвөрмонгол, цаашлаад Чиндао хүртэлх замыг холбон дамжин өнгөрөх тээврээр, урт хугацаандаа зүүн бүсээр дамжуулан экспортын барааг далайн боомт хотуудад хүргэх боломжийг бүрдүүлэх зэрэг эдийн засгийн үр өгөөжтэй зам болох юм.
ОХУ, БНХАУ-ын төмөр замын хөгжил нь улс дотроо нийт нутгаа хамарсан өргөн сүлжээтэй, далайн нэртэй боомтуудад гарцтай стратегийн чухал салбар нь болдог. Өнгөрсөн оны байдлаар энэ хоёр орны худалдааны эргэлт нь 100 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлттэй гарсны дийлэнх нь төмөр зам дагаж орж иржээ.
Манай улсын хувьд нийт 1815 км урт төмөр замтай, улсын нийт экспорт, импортын ачаа тээврийн 70 гаруй хувь нь төмөр замаар дамждаг төдийгүй жил бүр төмөр замаар дамжих ачаа тээвэр өсч буй нь ирээдүйтэй салбар гэдгийг илтгэнэ.
2016 онд төмөр замаар тээсэн нийт ачаа 19,989 мян.тонн, дамжин өнгөрөх ачаа 2362 мян.тонн байсан бол 4 жилийн дотор буюу 2020 онд тээсэн ачаа 29,840 мян.тонн, Орос-Хятадыг холбосон төмөр замын гол судас Транс-Манжуурын төмөр замын ачааллаас хамаарч манайхаар дамжин өнгөрөх ачаа 4,278 мян.тонн хүрсэн гэдгээ төмөр зам улс орны эдийн засагт хэр чухал салбар болохыг харж болно.
Иймд уг том төслүүдийг хөдөлгөхөөр зорьж буй Засгийн газарт талархууштай.
Сүхбаатар аймгийн удирдлага, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч манай улсаас далайд хүрэх хамгийн дөт зам, Ази-Европыг холбох зангилаа болох боломжтой Бичигт боомтыг төмөр зам, авто зам, агаарын замд холбох шаардлагатай байгаа талаар санал санаачилга гаргаж, үе үеийн Засгийн газарт хандаж, хил залгаа муж, боомттой ч яриа хэлэлцээр хийж ирсэн.
Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Н.Ганибал гишүүний хувьд төмөр замын төслийг эхлүүлж буйд Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарууштай асуудлаарх саналаа хуваалцлаа.
Тэрээр “Монголчууд БНХАУ-ын Бээжин, Эрээн, Улаанхад зэрэг хотоос барилгын бараа материал, техник тоног төхөөрөмж импортолж, дотоодын зах зээл, хэрэглээгээ хангадаг. Аливаа бараа бүтээгдэхүүний өртөгт тээврийн зардал шууд нөлөөлдөг. Тэгвэл Замын-Үүд, Эрээний боомтоор импортлохоос Бичигт, Зүүнхатавч боомтоор импортлоход тээвэрлэх зай бага бөгөөд энэ нь цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх ач холбогдолтой.
Олон жил яригдсан энэ асуудал ойрын хугацаанд биеллээ олох гэж буйд баяртай байна. Анхаарах зүйл бий. Хөрш зэргэлдээ орших Замын-Үүд, Эрээн хоёр хотын хөгжлийн хурд эрс ялгаатайг бид мэднэ. Энэ нь худалдаа зөвхөн нэг талдаа буюу Эрээнд төвлөрснөөс үүдэлтэй. Замын-Үүдийн алдааг давтахгүйн тулд Бичигт боомтыг түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор бүхий хот байгуулж, худалдаа, үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлж, хөрш хоёр хот эдийн засгийн хувьд харилцан ашигтайгаар хамтран ажиллах ёстой” гэсэн юм.
Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт юм.
Бичигт-Зүүн хатавч боомт нь Монгол улс, БНХАУ-ын хилийн 1046 дугаар тэмдгийн орчимд байдаг. Монгол Улсын Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошуу боомтын хоёр талд оршдог. Боомтын хил нэвтрэх зам нь Монгол улс, БНХАУ-ын Бичигт-Зүүн хатавч хилийн уулзалтын зам болно.
Тус боомт нь олон улсын шинжтэй, байнгын ажиллагаатай. Монгол Улсын талаас Улаанбаатарын цагаар 8:00-17:00 /зуны цагийн тооллоор 9:00-18:00/, БНХАУ-ын талаас Бээжингийн цагаар 8:00-17:00 цагт ажиллуулдаг.
Зүүн Хатавч боомт Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай суурингаас хойш 68 километрийн зайд байрладаг. Тус боомт Монгол Улсын Сүхбаатар аймгийн Бичигт боомттой хиллэдэг.
Импорт, экспортын бараа бүтээгдэхүүний үнэ болон боомтын гааль нь дунджаар 400 сая юанийг давсан үзүүлэлттэй байдаг.
ӨМӨЗО-ны гурав дахь олон улсын хэмжээний жилийн туршид нээлттэй байдаг эх газрын авто замын боомт юм. Газрын тосыг ачааны машинаар БНХАУ-д импортолдог цорын ганц боомт бөгөөд ихэвчлэн хүнс, өдөр тутмын хэрэглээний бараа, хүнсний ногоо, цахилгаан хэрэгсэл зэргийг Монгол Улс руу экспортолдог. Өвлийн улиралд ч Монгол Улсын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас өдөр бүр зуу орчим иргэд орж, гардаг ба 200 гаруй газрын тос тээсэн машинууд өнгөрдөг.
Зүүн Хатавч боомт Өвөр Монголын Манжуур болон Эрээн хотын боомтын хооронд байрладаг. Монгол Улс болон ОХУ-ын зүүн бүс нутгаас далайд гарахад хамгийн ойр боомт юм. Хоёр улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор индэр бий болгож, хөрш нутаг хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд эерэгээр нөлөөлсөн зэрэг эдийн засаг, хамтын ажиллагааны үр нөлөө ихтэй боомт юм.
Сүхбаатар аймагт байрладаг Тамсаг булаг газрын тосны уурхай жилд нэг сая тонн газрын тос олборлодгын 600 мянган тонныг нь Зүүн Хатавч боомтоор БНХАУ-д зөөвөрлөдөг гэсэн тооцоо бий. Тиймээс ч Бичигт-Зүүнхатавчийн боомтыг Н.Ганибал гишүүний хэлсэнчлэн аж үйлдвэрийн цогцолбор болгож өргөтгөж, хөрш орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллавал Сүхбаатар аймгийн хөгжил, цаашилбал Монгол Улсын эдийн засагт ирэх үр өгөөж их байх нь дамжиггүй.