Эцэг, эхчүүдэд зөвлөн туслах хэлбэрээр гурвалсан гэрээ байгуулна
2021.08.31

Эцэг, эхчүүдэд зөвлөн туслах хэлбэрээр гурвалсан гэрээ байгуулна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн удирдлагуудын хамтаар 2021-2022 оны хичээлийн шинэ жил танхимаар хичээллэж эхлэх гэж байгаатай холбогдуулан төрийн болон төрийн бус өмчит сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай хичээлийн бэлтгэлийн талаарх нэгдсэн уулзалт зохион байгуулж байна.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уулзалтын үеэр нийт 60 гаруй цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч уулзаад байна.

Энэ үеэр цэцэрлэгийн удирдлагууд хичээлийн бэлтгэлийн талаар болон тулгамдаж буй нийтлэг хэд, хэдэн асуудлыг уламжлав. Тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шат, шатанд уламжлан хурдан шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахаа илэрхийллээ.

Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн түвшинд баримтлан ажиллаж, эцэг эхчүүдэд зөвлөн туслах хэлбэрээр гурвалсан гэрээ байгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах, багш ажилчдын өрөө тасалгаа, анги танхимыг сайтар халдваргүйжүүлж, халуун хэмжигч, ариутгагч, маск, бээлий зэрэг хэрэгслийн нөөцийг хангалттай базаах, “Covid-19” халдвараар өвчилсөн хүүхэд, ажилчдыг тусгаарлах өрөө тасалгааг бэлтгэх шаардлагатайг цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөлөө.

Түүнчлэн онцгой комиссын шуурхай штабын нөөцөд буй халдвар хамгааллын хэрэгслүүдийг бүх цэцэрлэгүүдэд тэнцүү тоогоор хуваарилан тараах үүргийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн зүгээс дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Т.Вандандоржод өглөө.