Ж.Сандагсүрэн: Эхний ээлжинд иргэдэд үйлчилдэг байгууллагуудаа Яармаг руу нүүлгэхээр төлөвлөж байна
2021.09.08

Ж.Сандагсүрэн: Эхний ээлжинд иргэдэд үйлчилдэг байгууллагуудаа Яармаг руу нүүлгэхээр төлөвлөж байна

Хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх тухай тогтоолын өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Энэ ажлыг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор зохион байгуулахыг үүрэг болгожээ.

 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба болон нийт 16 агентлаг, алба эхний ээлжинд нийт 900 гаруй ажилтан албан хаагчдыг Яармаг дахь Нийслэлийн захиргааны шинэ байр руу нүүлгэх шийдвэр гаргалаа.

Нийслэлд нийт гурван төв байгуулахаар ажиллаж байгаа. Баянхошуу, Шар хад, Сэлбэ гэсэн гурван газрыг дэд бүтцэд холбоод төслийн хүрээнд ажиллаж эхэлсэн. Эдгээр төвүүд рүү зарим яам, тамгын газрыг нүүлгэх ажил үүгээр эхэлж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс бэлтгэл ажлыг үе шаттайгаар хангаж, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлнэ" гэлээ. 

-Өдөр ирэх бүр түгжрэл нэмэгдэж байна. Хотын захиргааг Яармаг руу шилжүүлснээр тэр хавийн түгжрэл улам нэмэгдэх юм биш үү?

-Яармагийн газар төлөвлөлт асар муу болсон. Бид шинэ төвийг хангалтгүй түвшинд зохион байгуулсан. Хотын захиргааны зүгээс түгжрэл нэмэхгүй байхаар дотоод ажлаа зохион байгуулна.

Яармагийн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудыг төлөвлөж байгаа. Юун түрүүнд цагийн зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ.

Дэд бүтцийн төслүүдийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Нүхэн гарцын төслийн энэ жилээс хэрэгжүүлнэ.

-Нүүлгэн шилжүүлэлтэд хэдэн төгрөг зарцуулах вэ. Хамгийн түрүүнд ямар газруудыг нүүлгэх вэ?

-Хотын захиргааны шинэ байр нь гурван блок. Үүнээс нэг нь бүрэн ашиглалтад орсон. Үйлчилгээний буюу агентлагууд байрлах байр нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Бид аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулахаар төлөвлөлт хийж байна.

Иргэдэд үйлчилдэг байгууллагуудаа нүүлгэхээр төлөвлөж байгаа. Зардлыг тооцоог нарийвчлан гаргана.

Ирэх жилийн намар гэхэд бүрэн шилжинэ гэж тооцоолж байгаа.

-Одоогийн байгаа байрыг хэрхэн ашиглах вэ?

-Хангарди ордныг дуудлага худалдаанд оруулахаар өнгөрсөн жил шийдвэрлэсэн. Нийслэлийн өмч учраас НИТХ-аас шийдвэрлэнэ. Дуудлага худалдаанд оруулах үнэлгээг 46 тэрбум төгрөгөөр тогтоосон байсан.