Амжилт гаргасан багш, сурагчдад дахин шагналын хур буулаа
Сэлэнгэ аймаг хөгжлийн ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал тойргийнхоо УИХ-ын гишүүд болон олон улсын төсөл хөтөлбөрийн газруудтай хамтран амжилттай ажиллаж байгаа юм.
Үүний нэг тод жишээ нь энэ жил 12 дугаар анги төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшиж байгаа сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, хүссэн мэргэжлээ эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх. Цаашлаад элсэлтийн ерөнхий шалгалтын амжилт, чанарыг дээшлүүлж, хэмжээст оноог ахиулах зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар Elab Education Академитай хамтран ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын шилдэг 150 гаруй зөвлөх, доктор профессор, багш нараас бүрдсэн баг энэ оны 2-р сараас ELAB хөтөлбөрийг зохион байгуулсан юм.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 34 сургуулийн 12-р ангийн 1093 суралцагчдад 2021 оны 2 дугаар сарын 8-наас 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл математик, физик, хими, монгол хэл, англи хэл, нийгмийн ухаан гэсэн зургаан хичээлээр онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн “ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангаас онлайн сургалтад идэвхтэй хамрагдаж, ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчид, ЭЕШ-ын дундаж оноогоор хамгийн өндөр оноо авсан мэргэжлийн багш нарыг урамшуулна гэдгээ эртнээс амлаж, болзол зарласан байв. Тэгвэл өнөөдөр энэхүү үйл ажиллагаанд идэвхи гарган оролцож, амжилт гарган шалгарсан багш, суралцагчдад “ЧИНБАТЫН УНДРАМ” хөгжлийн сангийн нэрэмжит тэтгэлэгийг гардуулан өглөө.
Багш нараас Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн нийгмийн ухааны багш Б.Мягмарсүрэн. Түүний бэлтгэсэн гурван сурагч нь 800 оноо авсан амжилтыг үзүүлжээ. Мөн Мандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн математикийн багш В.Болормаа, Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш И.Цоморлигсайхан, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн химийн багш Э.Оюунжаргал, Зүүнбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш Э.Оюумаа, Хүдэр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Мягмарсүрэн нар зөөврийн компьютероор шагнууллаа.
ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчид Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Б.Аминаа /Нийгэм судлалын хичээлээр 800, орос хэлний хичээлээр 776, монгол хэлний хичээлээр 771 оноотой шалгагдаж, гурван хичээлээр аймагтаа 1 дүгээр байр эзэллээ. Мөн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Ч.Дөлгөөн, А.Халиун, Т.Сарнай нар Нийгэм судлалын хичээлээр тус бүр 800 оноотой шалгагдсан байна. Мөн Мандал сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн төгсөгч Б.Арвинболор Нийгэм судлалын хичээлээр, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч Э.Сугар математикийн хичээлээр, Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн төгсөгч С.Намуундарь Монгол хэлний хичээлээр, Мандал сумын ерөнхий боловсролын “Билиг ДБ” сургуулийн төгсөгч Д.Марал Физикийн хичээлээр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн төгсөгч Г.Түмэндэмбэрэл Биологийн хичээлээр, Сайхан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч П.Саранцацрал Англи хэлний хичээлээр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч Э.Бөх-Эрдэнэ Химийн хичээлээр, Ерөө сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч Б.Номин-Эрдэнэ Монгол улсын түүхийн хичээлээр, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн төгсөгч О.Ерөөлт Газарзүйн хичээлээр тус тус амжилт гарган нэг сая төгрөгийн тэтгэлэг, батламжийн хамт хүртлээ.