Коронавирусийн 300-аас дээш тохиолдол батлагдсан хороонд нэмэлт баг ажиллуулж байна
2021.09.27

Коронавирусийн 300-аас дээш тохиолдол батлагдсан хороонд нэмэлт баг ажиллуулж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Чингэлтэй дүүргээс удирдан зохион байгуулсан юм.

Чингэлтэй дүүргийн эмнэлгийн санхүүжилт шийдэгдсэн ч газрын асуудал гацаа үүсгэжээ

Зөвлөгөөний эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаарх товч мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүрэг нь 39.113 өрх, 151.203 хүн амтай. Тус дүүрэг 19 хороотойгоос зургаа нь байшин хороолол бол  13 нь гэр хороолол байдаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар  26 тэрбум  төгрөгийн бүтээн байгуулалт хийж буй бөгөөд энэ онд таван цэцэрлэг, гурван бага сургууль шинээр ашиглалтад орсон байна.

Дүүргийн хэмжээнд короновирусийн халдварын нийт 23.395 тохиолдол бүртгэгджээ. Дүүргийн  Эрүүл мэндийн төв нь 108 ажилтан бөгөөд бусад дүүрэгтэй харьцуулбал хамгийн цөөн ажилтантай гэдгийг дүүргийн Засаг дарга тодотгож байлаа. Дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих хөрөнгө мөнгийг Азийн хөгжлийн банкнаас шийдвэрлээд багагүй хугацаа өнгөрч буй ч газар чөлөөлөлт шийдэгдээгүйгээс өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байгаа гэнэ. Түүнчлэн дүүргийн  хэмжээнд тулгамдаж буй асуудлын дараагийн дугаарт дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрыг шинэчлэн барих болон газар хөдлөлтийн улмаас байр байшинд нь цууралт үүссэн сургууль, цэцэрлэгийн барилгын засвар, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг асуудал байгааг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тодотгон өгүүлэв. Тус дүүргийн 198 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч удаашралтай байгаа аж.

Сургууль, цэцэрлэгийн орчноос илүү ахуйн хүрээнд  “Ковид-19” халдварлаж байна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр “Ковид-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдээс нэмэгдсэний дээр иргэд халдвар авсан л бол эмнэлэгт хэвтэх сонирхолтой, халдвар  авсан иргэн болгоныг хэвтүүлэн эмчлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгаа зэргийг онцолж байлаа. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөнүүд байгаа юм. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тодотгон өгүүлэв.

Нэг хороонд  коронавирусийн 300-аас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж буй аж.  Ийм хороо нийслэлийн хэмжээнд  35 байна. Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа  хийхэд  167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Түүнчлэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг  зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115  бүлэг  зайны сургалтад шилжсэн байна. Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд  илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүдэд нөхцөл байдал ямар байгааг сонслоо. Багануур дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар буурахгүй, нөхцөл байдал хүнд, эмнэлгийн ажилтнууд болон төрийн албан хаагчдын дунд халдвар гарч байгааг дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Бусад дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар бүртгэгдэж байгаа ч хүндрэл, сандрал гараагүйг Засаг дарга нар онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал сайнгүй ийм нөхцөлд дүүргийн эмнэлгүүд өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран нэг зорилгын төлөө зүтгэх ёстойг, элдэв зөрчил маргаан байдаг бол ойлголцон ажиллах учиртайг санууллаа. Нийслэлийн хэмжээнд бүхий л боломж бололцоог ашиглан эхний ээлжид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  120 ор, цаашид нийслэлийн хэмжээнд 800 ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хийж буй юм. Ор дэлгэх ажил нь зохион байгуулалтаас гадна санхүүжилт шийдэгдээгүй, эрүүл мэндийн даатгалын асуудлыг зохицуулаагүйн улмаас хүндрэл учирч буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис онцгойлон өгүүлсэн. 

Сайжруулсан шахмал түлш худалдаалах 41 цэг ажиллаж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд дулаан, цахилгаан,  ус хангамжийн бэлтгэл ямар байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Харин гэр хорооллын иргэдийг өнтэй өвөлжүүлэх бэлтгэл хэрхэн хангаж байгаа, сайжруулсан шахмал түлшний нөөцийн  тухайд Агаарын бохирдолтой  тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 57.887 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгээд байна. Нийтдээ 33 агуулахад түлшээ нөөцөлж байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн 41 цэгээр борлуулж эхэлжээ. Аравдугаар сарын 1-нээс нийслэлийн хэмжээнд 600 цэг ажиллаж эхлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. Энэ нь 300 өрх тутамд нэг борлуулалтын цэг ногдоно гэсэн үг юм. Шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ түүхий нүүрс тээвэрлэлтийг зогсооход анхаарал хандуулж байгаа аж. Түүхий нүүрс тээвэрлэж Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүйн тулд  шалган нэвтрүүлэх товчоодод 18 алба хаагчийг гурван ээлжээр томилон ажиллуулж, 24 цагаар хяналт тавьж буй бөгөөд өнгөрсөн 14 хоногт түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй байна.

0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ. Улаанбаатар хотын  өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдралын эх булаг нь ногоон байгууламж тул нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог байтал манай хотын нэг иргэнд 5-6 ам метр ногоон байгууламж байгаа нь чамлалттай гэдгийг Хотын дарга тодотгов. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод  тарих уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн.

Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга үүрэг өглөө. Тодруулбал,

  • -Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.
  • -Иргэдэд зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын шугамыг нэмж, өргөтгөн, дуудлагыг бүрэн авах боломжийг бүрдүүлж, тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.
  • -Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан  сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах.
  • -Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах.
  • -Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг сайжруулж, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулах.
  • -Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарч, хяналт тавьж ажиллах зэрэг үүргийг өглөө.