Ж.Бат-Эрдэнэ: Казино байгуулаад эдийн засагт орлого оруулна гэж байгаа бол дэмжих ёстой
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах магадлалтай байна-
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, хэлэлцэх асуудлын дарааллыг баталсан. Өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хууль олны дунд нэлээд маргаан дагуулж байна. Энэ хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Дэлхий нийтээрээ эдийн засгийн амаргүй цаг үеийг туулж байна. Судлаачдын харж буйгаар цаашид чадвартай, чадалтай компаниуд нь өсөж, бусад нь зогсонги байж болзошгүй гэж үзээд байгаа. Тиймээс бид маш хянамгай хандах хэрэгтэй. Миний хувьд ЖДҮ-ийг дэмжих чиглэлд анхаарал хандуулан ажиллана гэдгээ гишүүн болсноосоо хойш мэдэгдсэн. Түүнээс хойш энэ чиглэлээрээ ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, ажлын байраа нэмж, ядуурлаас гарах, дундаж орлоготой иргэдээ бий болгох, импортыг орлох бүтээгдэхүүн хийх, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд ЖДҮ-тэй холбоотой асуудлууд сөхөгдөж байгаа юм. Яг үүнтэй холбоотой Хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирсэн.
Энэ хуулийг би бүртгэлийн шинж чанартай хууль болох нь гэж шүүмжилсэн. Өнөөдрийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, хөрөнгө оруулагч нарыг татах орчноо сайжруулах хэрэгтэй байна. Мах, ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүнүүд тэр чигтээ гаднын зах зээлд гарч байгаа. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнээ гадагшаа шууд гаргаад байхад үүнийгээ зохицуулж чадахгүй байгаа шүү дээ.
-Та чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхэд нь шүүмжилж байсан ч хуулийн төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна лээ. Яагаад дэмжсэн юм бэ?
-Хамгийн гол нь хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх вэ, яаж дотоодын зах зээлээ хамгаалах вэ гэдэг заалтаа энэ хуулийн төсөлд тусгаагүй байсан. Тэгээд би хууль санаачлагч Х.Булгантуяа гишүүнтэй бага зэрэг маргасан. Бид хөдөө аж ахуйн зах зээлээ алдаж байна. Үүнийг Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгахгүй бол өөр юунд оруулах билээ. Гаднын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг чинь тэр хүмүүс нь мөнгөтэй, тухайн салбарыг хөгжүүлж байсан туршлагатай байна гэсэн үг. Гэтэл бид ноу-хау шингээж чадахгүй, туршлагагүй байж, гаднынханд боломжийг нь нээж өгчихвөл бүх зээлээ алдан. Харин би яагаад дэмжсэн гэхээр хууль санаачлагч гишүүд миний саналыг хуулийн төсөлд нэмж болно гэсэн юм.
-Хууль санаачлагч гишүүдийн зарим нь төслөө татах санал гаргасан байна лээ. Тэгэхээр энэ хуулийг хэлэлцэх боломжгүй олох уу?
-Санаачилсан гишүүд ийм санал гаргасан байсан. Тэгэхээр энэ хуулийн төслийг эргүүлэн татаж магадгүй.
-Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Ирэх онд Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ямар санал оруулж ирсэн бэ?
-Мөнгөний бодлогоо зургаан хувьд барина гэсэн байна. Бид мөнгөний бодлого дээр бид шүүмжлэлтэй хандсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх явцад бид Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хэрэгтэй гэдэг санал гаргасан. Эдийн засгаа бүхэлд нь харж, тодорхойлох яам хэрэгтэй. Одоо үүний үүргийг Сангийн яам, Монголбанк гүйцэтгэж байна.
Монголбанкны гаргаж байгаа дүгнэлтүүдийг Засгийн газар яаж хүлээж авах вэ. Цаашид мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, эсвэл төсөл хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх юм уу, экспортод гаргах бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх гээд бодлогын асуудалдаа анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Монголбанкнаас инфляцын түвшинг барих зэрэг асуудлыг төсөлд тусгасан байна. Ерөнхийдөө томоор нь энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ тодруулах асуудлууд бий.
-Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, ирэх жил хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Монголбанк энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцож байгаа. Цаашид ямар байдлаар эдийн засгаа дэмжвэл зүгээр байна вэ?
-10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоохгүй байх чиглэлээр арга хэмжээ авсан. Цаашид хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хийе бүтээе гэсэн зорилтод бүлэгт нь хүргэх хэрэгтэй. Хүндээ хүргэдэг чиглэлд нь илүү анхаарах шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 1.7 их наяд төгрөг эдийн засгийн эргэлтэнд орсон гэдэг чинь сайн үзүүлэлт.
-2022 оны төсвийн төслийг тун удахгүй хэлэлцэнэ. Ирэх оны эдийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байгаа бол?
-Энэ онд эдийн засаг зургаан хувийн өсөлттэй гарах нь. Энэ өсөлт өмнөх онуудтай харьцуулахад бага үзүүлэлт. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд байж болох үзүүлэлт. Дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Манай валютын нөөц багассан гэсэн. Тэгэхээр оны дараа валютын үнэ нэмэгдэж магадгүй. Тэгэхээр эдийн засаг савлагаатай байж болох нь. Аж ахуйн нэгжүүдийг харахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа барилгууд царцах эрсдэлтэй байгаа. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаа буцаагаад үр өгөөжээ өгдөг баялаг бүтээдэг зүйл рүүгээ татах хэрэгтэй.
-Ирэх оны төсөвт Орхон-Хишиг-Өндөр чиглэлийн 31.08 км авто замын хөрөнгийг Зам тээврийн сайдын багцад тусгуулсан байсан байх аа?
-Мянганы замын босоо тэнхлэгийн автозамын ажил байгаа. Энэ замын ажил 2017онд эхлүүлж, эхний хэсгийн зам ашиглалтад орсон. Төслөө үргэлжлүүлж 139.4 км зам тавих ёстой. Үүнээс 31.08 км авто замын хөрөнгийг ирэх оны төсөвт суулгасан.
-Энэ зам ашиглалтад орсноор эдийн засгийн ямар ач холбогдолтой гэж харсан юм бэ?
-Хамгийн гол нь өртөг бий болгох, бизнес эрхлэх боломж бололцоогоор хангах, богино хугацаанд тээвэрлэлт хийж, зам тээврийн сүлжээгээ сайжруулах ач холбогдолтой. Энэ зам ашиглалтад орчихвол Хөвсгөл–Улаанбаатар чиглэлд 100 гаруй км газрыг товчлох боломжтой. Ингэснээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно. Булган аймгийн Гурванбулаг сумаас Рашаант сум руу шууд зорчих боломжтой. Тэгэхээр Элсэн тасархай чиглэлийн аялал жуулчлал, Булган, Хөвсгөл рүү боломж нээгдэнэ.
-Ирэх жил Засгийн газар эдийн засгаа сэргээх чиглэлд анхаарна гээд Шинэ сэргэлтийн бодлого гэх хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Дээрх хуулийн төсөлд казино байгуулах, бооцоот морины уралдаан зохион байгуулах зэрэг асуудлыг тусгасан байсан. Энэ тухайд та ямар байр суурьтай байгаа вэ. Эдийн засгаа ийм аргаар сэргээх нь зөв үү?
-Би нээлттэй бодлогыг дэмждэг хүн. Бооцоот морины уралдаан, казиногоор гаднаас орлого оруулах боломжтой гэж үзэж байвал дэмжих хэрэгтэй. Мэдээж казино, бооцоот морины уралдаан зэргийг манайд оруулж ирэхдээ анхаарах зүйл бий. Хүн амын, улсын эдийн засгийн аюулгүй байдал, ёс зүйтэй холбоотой мөнгө дагасан сөрөг асуудлууд бий. Гэхдээ үүнийг зохицуулах арга зам бий. Жишээлбэл, саяхныг хүртэл хойд хөршийнхөн казинотой, дотоодын иргэддээ үйлчилдэггүй байсан. Тиймээс үүнийг эсрэг талаас нь хараад хэрэггүй гэж харж байгаа.
-Ирэх намрын чуулганаар хэлэлцэх бас нэг чухал хууль бол Боловсролын тухай хууль. Та хуулийн төсөл санаачлан өргөн барьсан байх аа?
-Боловсролын тухай хуульд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нартай хамтран нэмэлт төсөл өргөн барьсан. Бидний гол санаа бол эрүүл мэнд, боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгая гэж байгаа юм. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг тухайн сумын, аймгийн Засаг дарга нар томилдог. Дөрвөн жилд нэг удаа ерөнхий боловсролын сургуулийн захирал солигдож байна гэсэн үг. Ингээд боловсролын салбарт хөдөлгөөн бий болж, улс төржилт явж байна. Багш нарын тогтвор суурьшилтай ажиллах асуудал хөндөгддөг. Үүнээс болоод боловсролын чанар муудаж байна гэх шүүмжлэл ч бий. Тиймээс бид энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хуулийн төсөлдөө тусгасан байгаа.
Ингэхдээ боловсролын байгууллагаараа шалгалт явуулж, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг сонгох, томилдог байя гэж үзсэн. Ингэж боловсон хүчнээ бий болгох хэрэгтэй. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарт хэд хэдэн томоохон шинэчлэл хийх асуудлыг ярьж байна. Бид салбарын сайдтай багшийн үнэлэмжийг нэмэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг талаар ярилцсан. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд багш болох гэж байгаа хүүхдүүдийг ирээдүйнхээ төлөө ажиллана гэдэг зорилготой болох хэрэгтэй. Ийм нөхцөлүүдээ бид хуулиандаа уялдуулж, шийдэх нь зүйтэй гэж харж байна. Тэгж байж боловсролын чанарын асуудлыг ярина.
-2022 онд гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах талаар төсвийн төсөлд тусгасан байсан. Таны тухайд энэ дөрвөн тэрбум төгрөгөөр тойрогтоо ямар ажлыг хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Энэ бол батлагдчихсан тоо биш. Би Шинэ хөдөө хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Нэг суманд соёлын төвийн барилга барьснаас иргэдийн орлогыг дэмжих ажил хийсэн нь дээр. Дэд бүтцээ дагаж хөгжиж болно. Гэхдээ бизнесээ дэмжихгүйгээр эдийн засгаа эргэлтэд оруулна гэж байхгүй. Тэгэхээр бизнесийг нь дэмжих санхүүгийн эх үүсвэр байх хэрэгтэй.