1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 барилга байгууламжийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр тусгажээ
Засгийн газраас санаачлан боловсруулсан нэг хууль, нэг тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Б.Долгор УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.
Сүүлийн хориод жилд дэлхийн ихэнх орон дэд бүтцийн салбарт өрсөлдөөн бий болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ салбарт хувийн өмчийн оролцоог дэмжих үүднээс төрийн болон орон нутгийн өмчид байгаа хөрөнгийг концессоор эзэмшүүлж, ашиглуулдаг болжээ. Концессийн гэрээний дагуу төр өөрийн өмчлөлд байгаа хөрөнгийг эзэмших, ашиглах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх онцгой эрхийг тодорхой нөхцөл, болзолтойгоор хөрөнгө оруулагчид шилжүүлэх, хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгийн онцлог, зориулалтаас хамааран технологийн шинэчлэл хийх, үйлчилгээний чанарыг сайруулах зэрэг үүрэг хүлээдэг байна. Мөн концессийн гэрээний үзүүлэх үйлчилгээний доод түвшинг урьдчилан тогтоодог агаад тухайн түвшнээс илүү чанартай үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хөрөнгө оруулагчид тавьдаг аж.
Манай улсын хувьд дэд бүтцийн болон нийгмийн бусад салбарт үйлчилгээний чанар, менежментийг сайжруулах, технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа ч үүнийг зөвхөн төрийн өмчийн хөрөнгөөр гүйцэтгэх боломжгүй тул концессийн эрх зүйн орчныг бий болгох замаар уг салбарт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг татах үүднээс Засгийн газар Концессийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ .
Концессийн дагуу шилжүүлсэн төрийн өөрийн өмчийн хөрөнгө, тодорхой чиг үүргийн удирдлага, санхүүжилтийн асуудал нь хөрөнгө оруулагчийн бүрэн эрхэд хамаарах боловч өмчлөх эрх нь хөрөнгө оруулагчид шилждэггүй төрийн өмчид хэвээр хадгалагддаг, концессоор үзүүлэх ажил, үйлчилгээний хэмжээ, чанар буурах, хөрөнгө оруулагч төсөвлөсөн хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас чанар, үнэлгээ нь багасах тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийн эзэмших, ашиглах эрхийг төр хэдийд ч буцааж авах эрхтэй байдаг онцлогтой юм байна.
Харин Төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд Баянхонгор аймгийн Прокурорын газрын хуучин контор, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дахь сурагчдын дотуур байр, Булган аймгийн Рашаант сумын төвийн тоосгон барилга зэрэг долоон аймгийн нийтдээ 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 15 барилга байгууламжийг орон нутгийн өмчлөлд шилжүүлэхээр тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.