"Койны хүрээнд албан бусаар найман их наяд төгрөг эргэлдэж байна. Хариуцлага хүлээхгүй гэж ярихаас илүүтэй хуулиа хурдан батлах хэрэгтэй"
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Жолоочийн даатгалын тухай, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хүний эрхийн сонсгол явуулах талаар хэлэлцсэн.
АН-ын бүлэг мөнгөний бодлого дээр тодорхой байр сууриа илэрхийлж, төсвийн талаар дүгнэлт хийсэн. Мөнгөний бодлогын хувьд койны асуудлыг ярьсан. Тухайлбал өнөөдрийн байдлаар хоёр их наяд, албан бусаар найман их наяд төгрөг койны хүрээнд эргэлдэж байна. Хариуцлага хүлээхгүй гэж ярихаас илүүтэй хуулиа хурдан батлах хэрэгтэй.
Манай улс нэг сая орчим жолоочтой. 631 мянган хүн Даатгалын хуульд хамрагддаг. Хувийн хэвшлийн 17 компани даатгалын салбарт ажиллаж байгаа ч шаардлагад нийцэхгүй байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Засгийн газар хувийн хэвшлийг дэмжиж байгаа үгүй нь ойлгомжгүй байна.
Үндсэн хуульд иргэд тайвнаар үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй талаар заасан байдаг. Жагсаал цуглааны тухай хууль 1994 онд батлагдсанаас хойш таван удаа өөрчлөлт орсон. Энэ хуульд орсон өөрчлөлт нь Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, эрх зүйтэй нийцэхгүй байна" гэлээ.