Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны VIII бага хурал боллоо
2021.12.01

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны VIII бага хурал боллоо

МОСНААҮА-ны ҮЭ-ийн  Холбооны ээлжит VIII бага  хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.

Хурлын даргаар холбооны дэд дарга Ш.Содномцэрэн ажиллаж, хурлын дэгийг төлөөлөгч гишүүдэд танилцуулж арга хэмжээг эхлүүллээ. Хурлын эхэнд холбооны дарга Б.Жавзандулам 2020 оны есдүгээр сард болсон ээлжит бус VII бага хурлаар сонгогдсоноос хойших хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцуулав.

Хуралд МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уригдаж "МҮЭ-ийн Холбооны үйл ажиллагаа, хөгжлийн зорилт”-ын тухай мэдээлэл хийсэн юм. Мөн энэ онд Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын  90 жилийн ойн баяр тохиож буйтай холбогдуулан Холбооны дэд дарга Ш.Содномцэрэнд МҮЭ-ийн Холбооны дээд шагнал болох “Хөдөлмөрийн хүний төлөө” цалин цагаан мөнгөн тэмдэгийг гардуулж, баяр хүргэв. Үргэлжлүүлэн хурлын дэгийн дагуу Хяналтын хорооны дарга Н. Баасанжав 2020-2021 оны ажлын тайлан, хорооны дүрэм журмыг төлөөлөгч нарт танилцуулав.

 Мөн ээлжит VIII бага хурлаар МОСНААҮА-ын ҮЭХолбооны  даргын сонгууль зохион байгуулагдаж, холбооны дарга Б.Жавзандуламыг  хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар улируулан сонголоо.

Үүний дараа хяналтын хорооны гишүүд, холбооны тэргүүлэгч нарыг шинээр сонгон баталж, сонгуульт ажилд нь амжилт хүссэн юм. Хурлын төгсгөлд МҮЭ-ийн Холбооны XXIII их хурлын төлөөлөгчдийг сонгосноор хурал өндөрлөлөө.