Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг дуусгана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар жинхлэх МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хурлын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тавьлаа.
Илтгэлээс
Хоёр. Эрчим хүчний сэргэлтийн тухай
Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж гэдэгт нь ойлгомжтой. Эрчээ алдсан эрчим хүчний салбар маань өнөөдөр Монгол Улсын хөгжлийг сааруулагч томоохон хүчин зүйлсийн нэг боллоо.
Бид газрын доорх ертөнц буюу дулаан, цахилгааны эх үүсвэр, түүнийг дагасан шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдвэрлэхгүйгээр газрын дээрх бүтээн байгуулалт ярих ямар ч боломжгүй.
1986 онд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэрийг төрийн зүгээс байгуулж чадсангүй. Гэтэл өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ биднээс тав, зургаан дулаан цахилгааны шинэ эх үүсвэрийг шаардаж байна. Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна.
Цөмийн болон ус төрөгчийн эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах төрийн бодлогоо цаг алдалгүй тодорхойлцгооё. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллацгаая.
Цахим Монгол, Дижитал үндэстэн болох зорилт бол зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах төдий шийдэл биш юм аа. Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр, орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд шинээр байгуулагдах Цахим хөгжлийн яам болон Боловсрол, шинжлэх ухааны яам илүүтэй анхаарах шаардлагатай.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлж байна. Энэ бүтээн байгуулалт манай улсад зөвхөн эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй эрчим хүчний хэрэглээнд шинэ дэвшил гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний бараа эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ.