Улаанбаатар, Хөх хотын Худалдааны танхимууд хамтран ажиллаж эхэллээ
Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны Хөх хот дахь салбар хорооны дарга Баатар нар хамтран ажиллах санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хоттой 1991 оны энэ өдөр ах дүүгийн найрсаг харилцаа тогтоож байсан түүхтэй. 30 жилийн ойн өдөр хоёр талын уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Ойн уулзалтад Монгол Улсын талаас Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р. Дагва, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, БНХАУ-ын талаас Хөх хотын орлогч дарга Ван Хаолэй, Хөх хотын Худалдааны газрын дарга Ли Хун, Хөх хотын худалдааг дэмжих хорооны дарга Баатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг ярилцаж, энэ хүрээнд боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт харилцаа өргөжин тэлж, бизнес эрхлэгчдийн цахим хурал, үзэсгэлэн худалдаа, туршлага солилцох уулзалт зэрэг олон үйл ажиллагааг хамтран зохион байгуулдаг уламжлалтайг онцолж байв. Хөх хот сүүлийн 10 жилд орчны тохижилт, нөхөн сэргээлт, ногоон байгууламжид онцгойлон анхаарч, тодорхой үр дүнд хүрчээ. Харилцан туршлага солилцон, хамтран ажиллах олон боломж байгааг хотын удирдлагууд онцоллоо.
Цахим уулзалтад оролцсон компаниуд харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлийнхээ талаар ярилцав. Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас нийслэл хотын компаниуд орчны бохирдлыг бууруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, мэдээллийн технологид суурилсан смарт хот болох, хөрөнгө оруулалт татах чиглэлээр Хөх хотын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр хотын ААН-үүдийн хамтын ажиллагааны анхны алхам болж Монголын талаас “Эх нутгийн иргэд” ТББ, “Жаргалант Дулаанхан Сант”, “Инстанттранс", “Аймон Интернэшнл”, ӨМӨЗО-ны талаас “М-Грасс Эколожи Энд Энвайронмент (групп)” , "Өвөр Монголын Шэньмү Хай-Тек Фарминг”, "Бэйдамэнь Кросс-Бордер И-Коммерс Операшн" ХХК-иуд хамтран ажиллах санамж бичиг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Хөх хот нь 3.1 сая хүн амтай, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, соёлын аялал жуулчлал, цахим худалдаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбараа тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж өндөр амжилтад хүрсэн, Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож, үр бүтээлтэй ажилладаг хотуудын нэг юм.