Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ
2021.12.14

Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай" тогтоолын төслийг хэлэлцлээ

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ хуралдлаа. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан Улсын Их Хурлын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар батална” гэж, 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж тус тус заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Тогтоолын төсөлд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байв.