2022 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугар сарын 22-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд тусгагдсан онцлог арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлэхтэй зорилгоор тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа.
Гадаад худалдааг дэмжих, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж, гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулж, бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хурдан, шуурхай, зардал, багатай нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн талаарх эрх зүйн орчныг шинэчлэх, засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдэд олон улсын жишигт нийцсэн ногдол ашгийн бодлого хэрэгжүүлэх асуудлыг тусгалаа.
Төсвийн хэмнэлтийн горимыг 2022 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан батлагдсан төсөвтөө хэмнэлт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов.
Мөн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгааллын үйлчилгээг үр дүн, чанар, бодит гүйцэтгэлд үндэслэн санхүүжүүлэхээр төсөвт тусгаж батлуулсан. Үүнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байна.
Түүнчлэн төсвийн байгууллагын зарим нийтлэг ажил, үйлчилгээг хувийн хэвшилд гэрээний үндсэн дээр шилжүүлэхтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч болон бүх шатны Засаг дарга нарт даалгах чиглэлийг өгөв.
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар хэвлэлийнхэнд танилцуулж мэдээлэл хийхдээ,
“Төрийн үйлчилгээний ажилчдыг цомхотгох асуудал байхгүй. Тэдний цалин, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж зэрэг бүх зардал одоо байгаа орон тоогоороо төсөвт тусгагдаад орон нутаг руу шилжсэн” гэж хэллээ.
Товч мэдээ
· Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
· “Хорт хавдрын навигаци болон стереотактик эмчилгээний төв байгуулах төсөл”-ийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк ХК-ийн хооронд байгуулах экспортын зээлийн гэрээний төслийг хэлэлцээд уг гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
· “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.