Засгийн газрын шийдвэртэй холбогдуулж МҮЭ-үүд байр сууриа илэрхийллээ.
2021.12.24

Засгийн газрын шийдвэртэй холбогдуулж МҮЭ-үүд байр сууриа илэрхийллээ.

Засгийн газрын шийдвэр албажиж, хөрсөндөө буутал ҮЭ-ийн гишүүн байгууллагууд нухацтай авч үзнэ. Тэмцэл, хөдөлгөөн, шаардлага тавихаа зогсоохгүй хэмээн өнөөдөр /2021.12.24/ МҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ.

Орон нутаг, салбарт өмнө гаргасан тушаал шийдвэрээ өөрчлөхгүй, нугалаа гаргаж байна. Тиймээс Засгийн газар он гарахаас өмнө шийдвэрээ нэг тийш болгох хэрэгтэй.

Ирэх онд ТҮ-1-3 шатлалын ажилтнуудын цалин хөлс, статус, тэтгэвэр тэтгэмжид ямар нэг өөрчлөлт орохгүй гэж ойлгож байгаа. Хуулиараа ҮЭ-ийн байгууллагад мэдэгдэж, ажилчдын саналыг авахгүйгээр гэрээт болгох, өөр байгууллагад шилжүүлэхгүй гэж ойлгосон.

Гэхдээ өнөөдөр МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагуудын гар дээр Засгийн газрын шийдвэр эцэслэж, албажиж ирээгүй байна. Төр нэг цонхоор, нэг байр суурьтай хандах ёстой.
Засгийн газар өнөөдөр ийм зүйл ярьж байгаа ч он гараад өөр байдлаар шийдчихвий гэсэн айдас гишүүдэд бий. Мөн биднээс шаардаж байна. УИХ-ын гишүүдэд хандаж хэлэхэд, ийм алдаатай, цаг хугацаа нь болоогүй хууль тогтоомждоо өөрчлөлт оруул, засаж залруул. Тэмцэл хөдөлгөөн хийнэ гэж байгаа. Нийт гишүүддээ хандаж хэлэхэд, ямартай ч Засгийн газар арга хэмжээ авлаа, нэгдсэн шийдвэрт хүрэх байх, энэ бүхэнд анализ хийж байж та бүхэнд чиглэл хүргүүлнэ. Наана нь жагсах, цуглахаа түр харзная хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэв.

З.Цогтгэрэл Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга: МБШУ-ны ҮЭ-ийн холбооноос 70 гаруй мянган гишүүдээ төлөөлсөн ажлын хэсэг байгуулсан. Жагсаал цуглааны зөвшөөрөл хүсч, холбогдох байгууллагуудад мэдэгдэл хүргүүллээ. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх маш их зөрчигдөнө. Хойч ирээдүй, хүүхэд залуучууд дээр улс орон оршин тогтдог учраас энэ шийдвэрээ эргэж хараач.
Төсвийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульдаа УИХ-ын гишүүд ээ өөрчлөлт оруулаач ээ. Хууль санаачлаач. Ирэх онд үйлчилгээний ажилтнуудын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж хэвээрээ байна гэж Сангийн сайд ярьж байна. Цалин ирэх онд нэмэгдэхгүй юм уу. Доошилсон ахуй амьдралыг нь хэрхэн дээшлүүлэх вэ гэж асуумаар байна гэв.
Д.Саранцэцэг СӨБ-ын нэгдсэн ҮЭ-ийн хорооны дарга: Засгийн газраас гаргасан шийдвэр зарим талаараа гишүүдэд маань нийцсэн. Сангийн сайд Б.Жавхлан хуучнаараа бөөрөнхийлсөн хариулт өгч байна. Үйлчилгээний ажилтнуудад маань нэгдсэн ойлголт алга. Энэ сарын 25-ны дотор бичгээр Засгийн газар ирүүлэхийг хүсч байна. ТҮ-1-3 хамгийн цомхон хүмүүс байдаг. Төсвийг хэмнэхийн тулд олон ажил хийдэг хүнийг авдаг гэдгийг тодорхой хэлье гэлээ.