Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ
2022.01.07

Эдийн засаг, хөгжлийн яам үйл ажиллагаагаа эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, тус яамыг түр хугацаагаар давхар хариуцуулахаар Сангийн сайд Б.Жавхлан, яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Батжаргал нарыг томилсон.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс Үндэсний хөгжлийн газарт хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоол, шийдвэрийг танилцуулан Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал нарын үүрэгт ажлыг хүлээлцүүллээ.

Түүний дараагаар Сангийн сайд Б.Жавхлан Үндэсний хөгжлийн газрын албан хаагчидтай уулзалт хийж, үүрэг, чиглэл өгөхдөө “Сангийн сайдын хувиар Үндэсний хөгжлийн газартай Хөгжлийн бодлогын баримт бичгүүд, тэр дундаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулахад хамтран ажиллахдаа сэтгэл хангалуун байснаа онцолж, тус газрын нөөцөд суурилж Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулж байгаа тул албан хаагчдыг ажилтайгаа танилцах, дадлагажих, туршлагажих зэрэг асуудал үүсэхгүй, цаг алдалгүй яамны үйл ажиллагаагаа эхлүүлэх бүрэн боломжтой байгааг” тэмдэглэн хэлсэн.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Х.Батжаргал болон нийт албан хаагчдад ажлын амжилт хүсэн, цаашид 2 яам хэрхэн уялдаа холбоотой хоршиж ажиллах вэ гэдгээс Монгол Улсын эдийн засгийн урт, дунд, хугацааны хөгжил тодорхойлогдох тул дэмжиж ажиллахаа Сангийн сайдын хувьд илэрхийлсэн.

Ингэснээр Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого, төлөвлөлт, Макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, Бүс нутаг, аж үйлдвэр, инновацын нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын бодлого, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, Худалдаа, эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлт хариуцсан нэгжүүдээс бүрдсэн нийт 7 газар, 8 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч – Үндэсний хөгжлийн газрыг татан буулгаж, Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүллээ.