Сурагчид хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ
Сургууль, цэцэрлэгийг аль болох танхимаар хичээллүүлэхийг ЮНЕСКО-гоос зөвлөж буй тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
БШУЯ-наас цар тахлын үеийн сурагчдын хичээлийн хоцрогдол, танхимын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажлын талаар хэвлэлийн хурал зохион байгуулсан бөгөөд БШУ-ны сайд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, "Цахимаар сурагчдын 60-70 хувь нь хамрагдсан бөгөөд хичээлийн хоцрогдол маш их байна. Энэ хоцрогдлыг нөхөх төлөвлөгөө гаргасан.
Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг цар тахал улам даамжрууллаа. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 23 хувь нь техник технологи, дэд бүтцийн асуудлаас хичээлээс хоцорсон байна. Хоцрогдлыг нөхөхийн тулд 100 хувь танхимын хичээлд шилжүүлэхийн зэрэгцээ эцэг эхийн оролцоог нэмж гурван талт хамтын ажиллагааг сайжруулах нь чухал. Судалгаагаар, цар тахлын үед 40-өөс доош насны эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ажилласан байгаа юм. Харин 40-өөс дээш насныхан хүүхэдтэй хангалтгүй ажилласан байна" хэмээв.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцины дархлаажуулах ажил сайн байсан, мөн хүүхдүүдийн өвчлөл бага байсан тул өнгөрсөн намар хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг салбарын сайд онцлоод, "Танхим, цахим хосолсон хөтөлбөрийг өнгөрсөн намраас эхлүүлсэн нь маш үр дүнтэй байсан. 5:9-ийн зарчмаар хичээллэх үед 69 цэцэрлэг, 332 сургуульд халдвар илэрсэн. Ингэхдээ халдварын тохиолдол маш бага, голомтолсон халдвар тархаагүй" хэмээсэн юм.
Мөн тэрбээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000 хүүхэд сургууль завсардах эрсдэл үүссэн гэх судалгаа гарсан тул аль болох сургууль, цэцэрлэгийн сургалтыг танхимаар хичээлүүлэхийг зорьж ажиллана гэдгийг онцолсон. Түүнчлэн цар тахлын үед сургууль бүр сэтгэлзүйчтэй байхын чухлыг онцлоод, энэ намраас төрийн өмчит сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулахаар төлөвлөснийг дуулгав.
Өнгөрсөн намар коронавирусний дельта хувилбарын оргил үе тохиож байсан тул эрдэмтэд хичээлийг 5:9-ийн зарчмаар эхлүүлэхийг зөвлөсөн. Тэгвэл нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхэн үеэр омикрон хувилбарын тархалтын оргил үе байх магадлалтай тул хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх зөвлөмж өгсөн байна. Ингэснээр халдвар тархах эрсдэлийг 50 хувь бууруулж байгаа аж. Гэхдээ омикрон хувилбарын тархалт буурч эхэлж байгаа үе тул эхний хоёр долоо хоногт хичээлийг 5:9 зарчмаар явуулж, түүнээс хойш буюу хоёрдугаар сарын 28-наас бүрэн танхимаар хичээллүүлэх хувилбар дээр тогтсон байна.