“Туркиш Эйрлайнс” компани Европ-Азийн аяллын багцад Улаанбаатарыг оруулах санал тавьжээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ нар “Туркиш Эйрлайнс” компанийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмиртэй уулзжээ
“Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Али Өздэмир Хятад, Өмнөд Солонгос, Японоос Европ руу чиглэсэн, Европоос Зүүн өмнөд Ази руу чиглэсэн багц аяллын хөтөлбөрт Улаанбаатар хотыг оруулж болох талаар дурджээ. Ингэснээр багц аяллаар яваа жуулчны зардал огцом нэмэгдэхгүйгээр аяллынхаа замд Улаанбаатар хотыг үзэх боломжтой гэдгийг хэлжээ.
Тухайлбал, Европ-Токио-Европ чиглэлийн жуулчны хоёр талын тасалбар 992 ам.доллар байдаг байна. Үүнийг Токио-Европ-Улаанбаатар-Токио болгож өөрчилбөл тухайн зардал 170 ам.доллараар нэмэгдэх аж. Сөүл-Европ-Сөүл аяллын хоёр талын тасалбар 1015 ам.доллар байдаг бол Сөүл-Европ-Улаанбаатар-Сөүл болон өөрчлөгдөхөд 70 ам.доллар нэмэгдэх тооцоо гаргажээ.
2019 оны судалгаагаар Хонконгоос гурван сая, Японоос зургаан сая, Хятадаас найман сая, Өмнөд Солонгосоос есөн сая жуулчин багц аяллын хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгээр Европ руу аялж байжээ. Тэгвэл мөн тэр жил Европоос Хонконг руу хоёр сая, Япон руу хоёр сая, Хятад руу долоон сая, Өмнөд Солонгос руу хоёр сая жуулчин очиж байсан байна. Тэгэхээр энэ эргэлтийн дунд Улаанбаатар хот нэмэгдсэнээр манайд ирэх жуулчдын тоо багагүй хэмжээгээр нэмэгдэх тэр дундаа өвөл, хавар жуулчин авах боломж бүрдэнэ гэдгийг “Туркиш Эйрлайнс” компанийн төлөөлөл хэлж байна.
Мөн “Туркиш Эйрланс” компанийн зүгээс нислэгийн тоогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарыг либералчлах нь манай улсад ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх суурь нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Жуулчин ихээр ирж байж эдийн засаг тэлнэ.
Аялал жуулчлалын салбар, авиа компаниудын төлөөлөлтэй цувралаар уулзаж байхад энэ асуудал олон удаа хөндөгдөж байна. Та бүхэн ч гэсэн өөрсдөдөө байгаа судалгаа, тооцоогоо манай яаманд хүргүүлээрэй” гэв.