Эмэгтэйчүүдийн хорооны гишүүд 2022-2025 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэв
2022.01.21

Эмэгтэйчүүдийн хорооны гишүүд 2022-2025 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэв

МҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны Санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн дэмжлэгээр “Хөдөлмөрийн харилцааны хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох, устгах талаар 2022-2025 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулаад байгаа билээ. Өнөөдөр /2022.01.21/ дунд хугацааны стратеги төлөвлөгөөг танилцуулах, МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал авах цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эмэгтэйчүүдийн хороо, анхан шатны нэгжийг төлөөлөн 21 аймгийн 65 гишүүн оролцов.

Хэлэлцүүлгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нээж “МҮЭХ-ны XXIII Их хурлын шийдвэр, ойрын зорилт”-ын талаар танилцууллаа. Тэрээр МҮЭХ-ны санаачлан хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал ихээхэн чухал бөгөөд цаашид эмэгтэйчүүдийн манлайллыг илүү өргөжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

Цахим хэлэлцүүлгийн үндсэн мэдээлэл болох Аймаг, нийслэл, салбарын ҮЭХ, анхан шатны хороодын Эмэгтэйчүүдийн хороо, хэсгээс авсан “Хөдөлмөрийн харилцааны хүрээний дарамт, хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт, нөхцөл байдал” судалгаа, “Хөдөлмөрийн харилцааны хүрээнд аливаа дарамт, хүчирхийллийг хориглох, устгах хүрээнд баримтлах дунд хугацааны стратеги төлөвлөгөө(2022-2025)”-г МҮЭХ-ны гэрээт зөвлөх, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн, нийгэм, жендерийн шинжээч М.Болормаа, “2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг МҮЭХ-ны  Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг нар танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид орон нутгийн эмэгтэйчүүдийн хороо, салбар нэгжийн өнөөгийн нөхцөл байдал судалгаанд бодитоор туссан төдийгүй стратеги төлөвлөгөө, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тодорхой, бодитой, хэрэгжихүйц баримт бичгүүд болсныг онцлон тэмдэглэсэн юм. Цаашид дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахаа илэрхийлэв. Орон нутгийн эмэгтэйчүүдийн хороо, нэгжийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах сургалт, мэдээлэл түгээх компанит ажил өрнүүлэх эрэлт хэрэгцээг байгааг онцоллоо.

Цахим хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Европын Холбооны Санхүүжилттэй “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийн зохицуулагч Г.Пүрэвтогтох урилгаар оролцож, МҮЭХ болон төслийн хамтын ажиллагааны талаар оролцогчдод мэдээлэл өгсөн юм.