Ц.Амарсанаа: Барилгын салбарт ажиллах хүчний хомсдол үүсчихээд байна
Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанааг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.
-Хаврын хаварт барилгын салбарынхан ажлаа эхлэхээс өмнө чуулдаг. Энэ удаад ч уламжлал ёсоор чуулж, салбарынхаа алдаа оноо, амжилтыг хэлэлцэв бололтой. Өнгөрсөн алдаа, өнөөдрийн амжилтаа танай салбарынхан юу гэж дүгнэв?
-Урин дулаан цаг ирж байна. Жил бүрийн хавар барилгын салбарынхан чуулдаг. Аймаг орон нутагт зохион байгуулагдсаны дараа улсын хэмжээнд хуралддаг юм. Төр хувийн хэвшлийн 600 гаруй төлөөлөл өнгөрсөн оны алдаа оноо, амжилтаа ярилцаж дүгнэлээ. Барилгын салбарынхан 2017, 2018 оны зураг төсөл нь баталгаажсан ажлаа нэгтгэж хэлэлцлээ. Өнгөрөгч онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1736 ажлын зураг төсөл баталгаажсан байна.
Харин 2017 онд 700 гаруй зураг төсөл баталгаажсан юм билээ. Эндээс харахад барилгын салбарт эргээд сэргэн мандалт ирж байна гэж дүгнэж болно. 2010-2018 он хүртэл барилгын салбарынхан хүнд хэцүү цаг хугацааг тууллаа. Ажилчид нь гадагшаа гараад явчихсан, хийх ажил байхгүй, зургийн компаниуд нь захиалах зураг байхгүй явж байлаа. Харин энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар маш олон сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв баригдахаар боллоо. Барилгачид маань ашигтай, ажилтай, орлоготой болж байгаад баяртай байгаа.
-Энэ бүх уналт юунаас болсон гэж үздэг вэ?
-Мэдээж эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас болсон.
-Барилгын салбарт тендерийн маргаан маш их яригддаг. Энэ талаар ямар санаа оноо дэвшүүлж байна вэ?
-Барилгын салбарынхны хамгийн их ярьдаг асуудал бол тендер шалгаруулалт. Өнгөрсөн жилүүдэд маш олон бүтээн байгуулалт зарлагдсан ч тендер шалгаруулалт оройтсон. Бүтээн байгуулалтаа эхлүүлж чадахгүй байх асуудал гарсан. Яг энэ цагт УИХ-ын ээлжит бус чуулганаар Тендерийн тухай хууль болон Худалдан авах ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярилцаж байна. Энэ бол маш чухал юм. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжье” гэсэн бодлогыг барьж байгаа. Энэ бол манай салбарт маш чухал. Барилгын салбарын дотоодын үйлдвэрлэл маш сайн хөгжиж байна.
Тухайлбал, цементээ бид 100 хувь дотоодоос авдаг боллоо. Хөнгөн бетоны үйлдвэрүүд хөгжиж байгаа. Арматур үйлдвэрлэдэг компаниуд ар араасаа өсөн нэмэгдэж байгаа. Энэ мэтээр чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэр хэдий чинээ өсөн нэмэгдэж байна тэр хэрээр худалдан авалт дандаа дотооддоо л байх болно. Барилгын салбарт ер нь маш олон дэвшилтэд технологиуд орж ирдэг болжээ. Материал бүр дээр л энэ байдал ажиглагдаж байгаа. Хөнгөн блок гэхэд л евро блокийг МАК хийж эхэллээ. Энэ нь барилгачдад маш чухал. Цаг хугацаа, үргүй зардал зэргийг хэмнэх том боломж. Цонхны техник, технологиуд маш сайн чанартай болчихож. Цонхоор салхи сийгэж байна гэдэг гомдол санал байхгүй болчихлоо л гэсэн үг шүү дээ.
-“Цүнхтэй компани” яах аргагүй ярих ёстой сэдэв. Тэр тусмаа улсын төсвийн хөрөнгөөр баригдах барилгын тендерийг авдаг атлаа бариулах ажилчин, техник байхгүй компанийн эзэд маш олон болчихоод байгаа?
-Барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй компани 6000 гаруй байдаг юм. Таны хэлсэнчлэн “цүнхтэй компани”-уудыг илрүүлэх, эрэмбэлэх ажлыг манай төв үргэлж анхаарч байгаа. Барилгын компаниуд тайлан мэдээгээ цаг хугацаанд нь өгдөг болмоор байна. Хийсэн ажлаа тайлагнадаг, зохих норм нормативаа хангаж, аюулгүй ажиллагааг хангадаг байх нь чухал. Ийм компаниудын тусгай зөвшөөрлийг сунгаад явж байгаа. Ажилчин албан хаагчдынх нь тоо тодорхой бус, юу хийж байгаа, ямар барилга барьсан нь тодорхой бус компаниудтай тэмцэнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг нь цуцлах ажлыг хийнэ.
-Энэ жил бүтээн байгуулалтын ажил хэзээнээс эхлэх гэж байна. Тендер хугацаандаа зарлагдаж дууссан уу?
-Зураг төслийн шатандаа маш олон барилгын ажлын зураг хийгдэж байгаа. 2018 онд зураг төсвөө хийгээд батлуулчихсан аймаг, орон нутгууд тендерээ зарлаад, сонгон шалгаруулалтаа хийгээд эхэлчихсэн. Бүх аймгуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт хандаж хэлэхэд барилгын салбарын технологийн хугацаа маш богино. Энэ богино хугацааг үр бүтээлтэй ашиглаж, тендерийн үйл ажиллагааг шат шатандаа хурдалъя.
-Царцаасан барилга маш олон бий. Улсын төсвөөс жил бүхэн мөнгө татдаг барилгууд гэсэн үг. Энэ талаар нарийн тоо баримт гарсан уу?
-Барилга хөгжлийн төв нь улсын төсвийн хөрөнгө оруулалттай БСШУСЯ, Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газрын захиалгатай барилгуудад хяналт хийдэг. 2016 оны байдлаар царцсан 70 гаруй барилга байсан. 2017-2018 онд улсын төсөвт царцсан барилгуудын үлдэгдлийг суулгаснаар эдгээр барилгуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 хүүхдийн ортой төрөх эмнэлгийн барилга байгаа. Үүнийг төр засгаас бодлогоор анхаарч 2019 онд ашиглалтад өгөхөөр гүйцэтгэгч компани ажиллаж байгаа. Сүүлийн хугацаа нь 2021 онд гэж байсан ч төр шахалт үзүүлснээр хугацаа урагшиллаа.
-Энэ жил барилгын салбарт хэчнээн хүнийг ажлын байраар хангах тооцоо байна вэ?
-Нарийн тоо хэлэх боломжгүй л дээ. Чин үнэнийг хэлэхэд барилгын салбарт ажиллах хүчний хомсдол үүсчихээд байна. Жилийн дөрвөн улиралд монголчууд БНСУ-д ажил хийхээр гардаг боллоо. Тухайн улсад туслан гүйцэтгэгчээр ажиллах нь илүү цалинтай гэж үзээд байгаа юм. Өмнө нь бол барилгын салбарт туслах ажилтны орон зайг хятад ажилчид нөхөж байлаа.
Хойд Солонгосын иргэд ажиллаж байсан. Гэтэл манайх руу орж ирж ажиллах сонирхол нь багассан байна. Эндээс үүдээд барилгын өртөгт ажиллах хүчний хомсдол үүсчихээд байгаа нь хамгийн том бэрхшээл болж байна даа. Энэ салбарт нийт 100 гаруй мянган хүн ажилладаг гэсэн тооцоо бий. 78.6 мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг. Мөн жил бүр 13 мянган суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэдэг гэсэн тооцоо бий.
-2019 онд эхэлсэн барилгуудыг хэзээ ашиглалтад өгнө гэж тооцоолсон бэ?
-Нэг жилийн хугацаанд мэдээж өгч чадахгүй. 2018-2019 оныг дамнаж ашиглалтад өгч байгаа. Энэ жилийн тухайд 1.4 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтын их ажилд зарцуулах тооцоо гарсан.