2022.02.28

УИХ-ын гишүүн Ц.Туваан тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын Намрын ээлжит чуулган завсарлаж, иргэд сонгогчидтойгоо хийх уулзалтаа УИХ-ын гишүүн Ц.Туваан Цээл сумаасаа эхлүүллээ. Ковидын хорио цээртэй хүнд үе ард хоцорч, иргэдтэйгээ нүүр тулан уулзах сайхан байна. Цээл суманд ажиллах үеэрээ Сумын Тамгын газар, Цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн иргэд сонгогчиддоо өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдан гарсан хуулиудаас танилцуулж, өөрийн орж ажилласан хуулийн төсөл, ажлын хэсгүүдийн талаарх мэдээллээ хүргэлээ. Цээл суманд маань Хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг шинэчлэн сайжруулах, сумын төвийн дулааны шугамын асуудал онцгой анхаарал татсан, ирэх жилүүдэд тодорхой шийдэл гарган ажиллах шаардлагатай ажил тул бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэрлүүлэхийн төлөө хичээн ажиллана. 

Засгийн газраас Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцалсан билээ.Сумын соёлын төвд соёлын арга хэмжээ болоогүй уджээ. Иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтын дараагаар бүжиг дуу болоод хуучны дотно мэдрэмж төрөөд сайхан байна. Түрүү жил бэлдсэн боловч хорио цээрээс болоод өгч амжаагүй “шилдэг борлуулалттай ном”-уудаа сумын сургуулийн номын сан, соёлын төвд хүлээлгэн өглөө.

Заамар суманд ажиллаж Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцан иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтын үеэр цалин хөлс нь амьдрал ахуйд хүрэлцэхгүй байгаа талаар, төрийн албан хаагчид, эмч, багшийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй, үйлчлэгч үйлчилгээний ажилтнуудыг гэрээт ажилтан болгон нэмэлт урамшууллаас хасч байгаа талаар уулзалтад оролцогчид ярьж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан МСҮТ-ийн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, цэцэрлэгийн тохижолт тоглоомын асуудлыг ирэх оны төсөвт тусгуулан, боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. 

Заамар суманд уламжлал ёсоор бүжиг цэнгээн, дуу хууртай уулзалтаа хийсэн. Чөлөөт маягийн энэ уулзалтаар иргэдтэйгээ илүү дотносон, чөлөөт ярилцлага өрнөдөг юм. Арга хэмжээний үеэр бэлдэж ирсэн “2021 оны шилдэг борлуулалттай ном”-ын дээжсээс МСҮТ, сумын сургуулийн номын сан, соёлын төвийн хамт олонд гардуулан өглөө. Ковидын хөл хорионы дараах бяцхан дуу хууртай уулзалт сайхан боллоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn