2022.03.16

С.Чинзориг: Чөлөөт бүс эдийн засгийн утгаараа хөгжихгүй байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2022.03.16/ боллоо. Хуралдаанаар "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Зарчмыг бол дэмжиж байна. Бид өмнө Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах тухай зөндөө ярьсан. Алтанбулагийн чөлөөт бүс байна. Эдгээр чөлөөт бүс амь орохгүй одоо болтол үйл ажиллагаа явуулж, бэхжиж байгаа юм алга. Өмнөх чөлөөт бүс байгуулна гэсэн шийдвэр яагаад бодитой ажил хэрэг болохгүй байна вэ?

Засгийн газар чөлөөт бүсийн хөгжлийн асуудалд  ямар дүгнэлт өгч байгаа юм. Юунаас болоод эдийн засгийн агуулгаар хөгжиж чадахгүй байна вэ? Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг богино хугацаанд, бодитой, эдийн засгийн чөлөөт бүс болох зорилгоор нь хөгжүүлж чадах уу, Хэдий хэр хугацаанд байгуулагдах вэ?

Хөшигийн хөндийд чөлөөт бүсийг эдийн засгийн агуулгаар нь хэрэгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшил хэр байна вэ. Чөлөөт бүс байгуулахад төсөв санхүү их орно. Танилцуулгыг харахад төсөв мөнгөтэй холбоотой асуудал харагдахгүй байна Б.Жавхлан сайд аа. Ямар эх үүсвэрээр ямар хугацаанд барьж байгуулна гэж тооцож байна вэ. Эдийн засгийн чөлөөт бүс нь татвар санхүүгийн маш тааламжтай нөхцөл бүрдүүлж байж хөгждөг учраас энэхүү чөлөөт бүс бий болсноор цаашдаа татвар санхүүгийн бодлогод өөрчлөлт орох асуудал байгаа юу?

С.Чинзориг гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.