2022.03.16

Ж.Ганбаатар: Чөлөөт бүс дэд бүтэцгүй бол хөгжих боломжгүй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2022.03.16/ боллоо. Хуралдаанаар "Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай" асуудал хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

Хөшигийн хөндийн чөлөөт бүс дэд бүтцийн хувьд ямар шийдвэртэй байгаа вэ? Газраа дуудлага худалдаагаар зарлаа гэхэд дэд бүтэцгүй бол хөгжих боломжгүй. Онгоцны буудлаасаа хол, онгоцны буудлын дэд станц бол олон байшин барилга барих хүчин чадал байхгүй. Тэгэхээр энэ асуудалд Эдийн засгийн хөгжлийн яам ямар ажил төлөвлөсөн байгаа вэ? Ямар хөрөнгө оруулалтаар дэд бүтцийг нь татаж өгөх вэ? Дэд бүтцийг татаж өгсний дараа хувийн хэвшлүүд нь хөрөнгө оруулж эхэлнэ. Ямар ч хүн хоосон газар дээр хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Үүнд Эдийн засгийн хөгжлийн яам ямар бодлого хэрэгжүүлэх талаар хариулна уу.

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн яамны ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.