Эрчим хүчний үнэ тарифыг энэ ондоо багтааж шинэчилнэ
2022.03.21

Эрчим хүчний үнэ тарифыг энэ ондоо багтааж шинэчилнэ

Манай улс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг цаг алдалгүй барих, тэр дундаа усан цахилгаан станцуудыг барих шаардлагатайг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зохион байгуулсан “Эрчим хүчний сэргэлт” хэлэлцүүлгийн үеэр оролцогчид онцолж байна.

Мөн эрчим хүчний үнэ тариф бодит өртгөөсөө доогуур тооцогдож байгаа нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эдгээр бүтээн байгуулалтыг урагшлуулахад саад болж буй үнэ тарифыг индексжүүлэх шаардлагатайг ч мөн тэмдэглэж байв.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт том чадлын эх үүсвэрүүд баригдаагүй нь суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс багасаж, өнгөрсөн онд эрчим хүчний системийн хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр ханган, үлдсэн хэрэглээг импортоор авчээ. Цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар нэмэгдэж, шинээр хэрэглэгч холбох нөхцөл боломж тэр хэрээр багасаж байна. Мөн дулааны цахилгаан станцуудын насжилт 35-60, дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил байгаа. Иймд шинэ эх үүсвэрийг барьж хүчин чадлаа нэмэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэх шаардлага тулгараад байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцоллоо.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2020 онд 1308 МВт хүрч байсан бол, өнгөрсөн онд 1387 МВт хүрч өссөн нь өмнөх оны мөн үеийнхээс 6 дахин нэмэгджээ.

Манай улс 2021 онд 9.7 тэрбум квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн түгээсэн нь 2020 оны гүйцэтгэлээс 11 хувиар нэмэгдсэн байна. Түгээсэн эрчим хүчний 80.9 хувийг дотоодын үйлдвэрлэлээс, 19.1 хувийг импортоор хангажээ.

Өнгөрсөн онд импортоор авсан эрчим хүчний 27 хувийг ОХУ-аас, 73 хувийг БНХАУ-аас авсан аж. Дотоодын эх үүсвэрийн 90.9 хувийг ДЦС-ууд, 9.07 хувийг нар, салхи, усны эх үүсвэр, 0.03 хувийг дизель эх үүсвэр үйлдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дээрх хэлэлцүүлгийн үеэр эрчим хүчний салбарыг хувьчилж болохгүй, зуун хувь төрийн мэдэлд байх ёстой гэсэн бол, “ДЦС4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг эрчим хүчний тухай хууль, ЭХЗХ-ны статусыг өөрчилж, төрийн болон хувийн компаниас эрчим хүч худалдаж авдаг үнийг тэнцүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Харин ЭХЗХ-ны зохицуулагч Э.Түвшинчулуун эрчим хүчний үнэ тарифыг өөрчлөх цаг болсон. Энэ ондоо багтааж тарифыг шинэчилнэ. Цаашид эрчим хүчний хэрэглээнээс хамаарсан ялгавартай тариф гаргах, шатлал, ангилал нэмэх зэргээр шинэчлэхээр төлөвлөснийг дуулгасан юм.

Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний сэргэлтийн 5 зорилтын хүрээнд 13 үйл ажиллагаа, хөгжлийн 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөгжлийн төслүүдэд одоо ажиллаж буй ДЦС-уудын чадлыг өргөтгөх, шинэ эх үүсвэр барих, цахилгаан дамжуулах агаарын шугам барьж улсын нэгдсэн сүлжээ үүсгэх юм. Мөн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, байгальд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэт техонлоги, инновацыг нэвтрүүлэх төслийг ч тусгажээ. Ингэснээр манай улсын эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг 2 дахин, цахилгаан дамжуулах шугам сүлжээний чадлыг 2 дахин нэмнэ. Үүнд нийт 14.9 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж.