Ж.Сүхбаатар: Сургууль хүүхдийн суралцах хөгжих орчин байхаас гадна багшийн өөрийнх нь хөгжих орчин байх ёстой
2022.03.14

Ж.Сүхбаатар: Сургууль хүүхдийн суралцах хөгжих орчин байхаас гадна багшийн өөрийнх нь хөгжих орчин байх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Ковид цар тахлын гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч бүх шатны боловсролын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийнхээ Ерөнхий боловсролын 61 дүгээр дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

1976 оноос Бага сургуулийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн энэ сургууль 2006 оноос бүрэн дунд сургууль болон өргөжиж 70 багш, ажилтантай 1000 орчим сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургуультай танилцах үеэр тус сургуулийн захирал, “Монгол хэл хуурын төв”-ийн Тэргүүн А.Мөнхчимэг нь :

  • 2006 оноос бүрэн дунд сургууль болон өргөжсөнтэй холбоотой материал, техникийн бааз суурь, байгалийн ухааны лабораторийн танхим, тоног төхөөрөмж дутагдалтай байгаа талаар,
  • Номын сангийн номын төрөл, зүйлээ олшруулж, номын баяжилт хийгдэх шаардлагатай байгаа,
  • Биеийн тамирын хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжүүд муудаж, хэрэгцээ шаардлагатай байгаа,
  • Японы Засгийн газар, Өвсний үндэс төслийн хүрээнд баригдсан сургуулийн өргөтгөл барилгын “B” давхарт “Урлагийн танхим” байгуулах зэрэг сургуулийн үйл ажиллагааг сайжруулах санал, хүсэлтүүдээ танилцуулж байв.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар сургуулийн удирдлага, багш нартай уулзах үеэр сургууль хүүхдийн суралцах хөгжих орчин байхаас гадна багшийн өөрийнх нь хөгжих орчин байх ёстой гэж үздэг бөгөөд Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бодлогодоо боловсролын салбар тэр дундаа Ерөнхий боловсролын дунд сургуулийн багшийн хөгжлийг тэргүүн ээлжинд тавьж Чингэлтэй дүүргийн нийт 17 ерөнхий боловсролын сургуульд “Багш хөгжлийн танхим”-ыг шинэчлэн байгуулж сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулган батлуулж, сонгон шалгаруулах процесс явагдаж байгаа талаар танилцуулан цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn